Жаргалант суманд 10 нэр төрлийн 9989 мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-23 18:05:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт нийт 56 байгууллагын 1221 ажилтан, алба хаагч мод тарив.  Тэд  агч, тоорой, монос, үхрийн нүд, тэхийн шээг гэх мэт 10 нэр төрлийн 9989 мод тарьж, эх нутагтаа ногоон өнгө нэмлээ.  Үүнээс гадна 3.5 га талбайд 959.300 ширхэг модны үржүүлэг хийсэн байна.   

Цэрэг спортын ”Дөл” тэмцээнийг энэ сард зохион байгуулахаар төлөвлөж буй. Тус тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мөн 200 гаруй мод тарьжээ

Мөн Ойн тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Аймаг нийслэлийн засаг дарга нар бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрөө оролцон гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэж заасны дагуу мод тарих ажилд оролцох боломжгүй 25 байгуулллага модны мөнгө хандивлаж, 3.191.000 төгрөгийг Жаргалант сумын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлээд байна.

Дээрх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнүүлсэн аж.

 

Холбоотой мэдээ