АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийнхэн Архангайд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-23 16:42:25

Архангай /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлагч Николите Макларин, мэдээллийн дэмжлэгийн бүлгийн гишүүн Эрик Швинд нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзав.
Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн гишүүд зургаан сар тутам солигддог. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүн Засаг даргатай танилцаж, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн дэмжих бүлэг, Архангай аймаг хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа төслийн явцын талаар мэдээлэл солилцлоо.
Тодруулбал, энэ онд барилгын зураг, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, Тариат сумын хүүхдийн цэцэрлэгийг 2025 онд Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр АНУ, Архангай аймаг хоорондын хамтын ажиллагаа дахь төслүүдийн талаар ч талууд мэдээлэл солилцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас Архангай аймагт гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах харилцаа холбоо, сургалт сурталчилгаа, тоног төхөөрөмжүүдийг багтаасан Шуурхай штабын нэгдсэн төвийг байгуулж өгөх болсноо илэрхийлж байлаа.
Энэ төв ашиглалтад орсноор гамшиг ослын үед орон зай цаг хугацаанаас үл хамаарч Архангай аймгийн ард иргэдэд нэгдсэн мэдээллийг дамжуулах боломж нээгдэнэ гэдгийг Иргэн цэргийн дэмжих бүлгээс онцоллоо.
Мөн АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийнхэн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран аймгийн ОБГ-ын алба хаагчдад эмнэлгийн анхны тусламжийн ахисан шатны сургалтын бэлтгэл ажлын талаарх сургалтыг явуулж байна. Сургалт тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд болох ба сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэг сургалт зохион байгуулах газартай танилцжээ.

Холбоотой мэдээ