Үндэсний бичиг соёлоо дээдэлдэг номын баяр өргөн дэлгэр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-23 11:46:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёлоо дээдэлж, номын ач тус, эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлдэг 31 дэх удаагийн Үндэсний номын баярыг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тавдугаар сарын 20-22-нд орон даяар тэмдэглэлээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит Дорноговь аймгийн Төв номын сангаас уламжлал болгон тэмдэглэдэг номын баярыг төр, хувийн хэвшлийн байгууллага, хөдөөгийн сумдын номын санг оролцуулан өргөн дэлгэр зохион байгууллаа.

Сайншанд хотын боловсрол соёлын байгууллага болох сургууль, цэцэрлэг, “Саран хөхөө” театр, төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцсон баярт жагсаал болсон бол Алтанширээ, Дэлгэрэх, Сайхандулаан зэрэг олон сумын номын сангийн ажилтнууд сум орон нутгийнхаа үүх түүх хийгээд сонин сайхныг харуулсан зохиолч эрдэмтдийн бүтээлийг дэлгэлээ.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний томоохон тэмдэглэлт өдөр болон цар хүрээ нь өргөжиж буй төдийгүй үндэсний бичиг, соёл, өвийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа  юм.  Энэ жил Сайншанд хотын “Үлэмжийн чанар” номын дэлгүүр бүх номоо 18 хувийн хөнгөлөлттэй үнээр олон нийтэд хүргэсэн бол гар урлал, бэлэг дурсгалын чиглэлийн олон бүтээгдэхүүн үйлчилгээг олны хүртээл болгож хувь хүмүүс өөрсдийн бичсэн ном зохиолоо бусдад сурталчилж оролцлоо.

Үүнээс гадна залуус иргэд хөдөлмөрчдийн оюун ухааныг дэмжсэн танин мэдэхүйн “АХА” тэмцээн, уран бичлэгийн үзүүлбэр явуулсан бол Дорноговь аймгийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани Дорноговийн зохиолчдын уулзалт, яруу найргийн уншлагыг хамтран зохион байгуулсан юм.

Мөн нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх соёлын өртөөчилсөн аялал, сумдын номын сангуудын тайлан, үзэсгэлэн, англи, орос, монгол, солонгос ном болон орон нутгийн Ялалт сонины үзэсгэлэн, ном бэлэглэх, хандивлах үйл ажиллагаа, тэргүүний уншигч айл өрх, албан байгууллага, номын сантай айл өрх, албан байгууллагыг шалгаруулж, төрөл бүрийн материалаар бүтээсэн ном, баринтаг, номын хавчуурга, номын тэмдэглэл хөтлөх уралдаан зэргийг зохион байгууллаа.

Номын сантай айл өрхөөр Соёл урлагийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг, Сайншанд сумын иргэн А.Ууганбаяр, Баринтаг, номын хавчуурга хийх уралдаанд Дүнчүүр маанийн холбоо ТББ, Мондо урлан, “Дээлтэй Монгол Эвент” гэрэл зургийн өдөрлөгт Алтанширээ сумын номын санч Н.Бүрэнцэцэг, гурван настай Т.Ундрам, шилдэг номын сангаар Сайхандулаан сумын номын сан, номын тэмдэглэл хөтлөх уралдаанд Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч О.Ану, тавдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч С.Мишээл, 11 дүгээр ангийн сурагч Б.Санчирмаа шалгарчээ.

Харин Сайншанд сумын иргэн З.Оюундэлгэр, “Туяа салон”-ны захирал С.Туяажаргал, Сайншанд сумын иргэн “Сидней жимс ногоо”-ны эзэн Р.Оюунпүрэв, Сайншанд сумын иргэн З.Бадамжав, Т.Шуранцэцэг, Үлэмжийн чанар номын дэлгүүр хандив өргөжээ. Тэргүүний уншигч айл өрх, байгууллагаар Сайншанд сумын иргэн Б.Баянбаатар, Худалдаа хөгжлийн банкны хамт олон шалгарсан.

 

Холбоотой мэдээ