Шинэ үеийн уран зохиолын анхдагч аймаг бол Сэлэнгэ юм

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-21 00:58:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй "Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2022" үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн төв “Партизан”-ы талбайд өнөөдөр боллоо. 31 дэх удаагаа болж буй энэхүү Үндэсний номын баярыг Сэлэнгэ аймгийн төв номын сан зохион байгууллаа. Номын баярын үйл ажиллагаанд ахмад зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн, Л.Банзрагч нар оролцож үг хэллээ.

-МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Т.Доржсүрэн:”Сэлэнгэ аймаг бол Монголын уран зохиолын түүхэнд хамгийн их гэгээн түүхийг бичсэн. Монголын уран зохиолын анхны шанг татсан Г.Чимэд, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Го.Цэнд-Очир, дипломатч Д.Доржсүрэн, Г.Сэр-Од зэрэг олон хүмүүс МЗЭ-ийн тулгын чулууг 1929 онд тавьсан түүхтэй. Энэ утгаараа Монголын уран зохиолд хамгийн том байр суурийг эзлэх ёстой зохиолчид бол Сэлэнгийн зохиолчид байдаг. Монголын уран зохиолын анхны бүтээл “Шивээ Хиагт” дуу та бидний амьдарч байгаа Баянхан уулын зүүн салбар дээрээс анх үүссэн түүхтэй. Түүнийг албан ёсоор Монголын шинэ үеийн уран зохиолын анхны суурийг тавьсан бүтээл хэмээн бүртгэсэн байдаг. Ингээд шинэ үеийн уран зохиолын анхдагч аймаг бол Сэлэнгэ юм. Үүнийг хүүхэд багачууд, залуучууд та бүхэн мэдэж байхад илүүдэхгүй ээ. МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар өнөөдөр 60 гаруй жилийн түүхийг өөртөө бичсэн, олон арван шилдэг бүтээлүүд туурвисан, шилдгүүдээ тодруулсан, Монголын уран зохиолын хойч үеийг авч явж байгаа” хэмээн онцлон өгүүллээ.  

-Ахмад зохиолч Л.Банзрагч:”Өнөөдөр номын баярт оролцож байгаа хүүхэд, багачууд та бүхэнд энэ баярын халуун мэндийг дэвшүүлье. Ерөнхий суурь мэдлэгийг сургуулиас олж авна. Харин ерөнхий бүх мэдлэгийг номоос олж авдаг. Ном уншихгүй бол хүний оюун мөхдөг гэдэг. Ном уншсанаар хүний оюун ухаан тэлж, сэтгэх чадвар нэмэгдэж, хэлэх, ярих бүх юм цэгцтэй болдог” хэмээн өгүүллээ.

“Үндэсний номын баяр-2022” үйл ажиллагааны үеэр шилдэг уншигчдаа тодруулан шагнал гардууллаа. 

-"Тэргүүний уншигч"-аар Баруунбүрэн сумын малчин Б.Батчимэг шалгарч Өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнууллаа. Тэрээр мал маллах завгүй ажлынхаа хажуугаар ном унших маш их дуртай гэв. Хөдөө малчдад тус сумын соёлын төвийн номын сангаас явуулын үйлчилгээ үзүүлж ном хүргэж өгдөг гэв. Ном хүний сэтгэл санааг өөдрөг болгож, оюуныг тэлдэг хэмээв.

"Тэргүүний уншигч" Сант сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч О.Тэмүүлэн: Номд хүүхдүүд бидний мэдэхгүй зүйл маш их байдаг

Шинжлэх ухааны, ан амьтдын тухай, сансар гаргийн тухай ном унших дуртай. Ном анх уншихад манай Чимгээ эгч нөлөөлсөн. Эгч маань маш их ном уншдаг. Дүү 4 настай цэцэрлэгт явдаг. Бас том болоод ном уншина. Ном унших маш гоё. Би гар утсаар тоглохгүй ном уншдаг. Би одоогоор шинжлэх ухааны номоо арай дуусгаагүй байгаа. Тэгээд үргэлжлүүлэн уншина. Шинжлэх ухааны ном их гоё мэдрэмж төрүүлдэг. Бас адал явдлын тухай ном унших дуртай. Мөн үлгэрийн ном унших дуртай. Хүүхдүүдээ сайн ном уншиж байгаарай.   

"Бүтээлч номын санч"-аар Сант сумын соёлын төвийн номын санч М.Жаргалсайхан шалгарлаа

Тэрээр:”Явуулын номын сангаар иргэдэдээ үйлчилдэг. Зун болохоор хөдөө малчдаараа явдаг. Малчид маань ном маш их уншдаг. Сүүлийн үед хүмүүс ном их уншиж байна. Шинэ номтой бол бүр л илүү унших сонирхол их байх шиг байдаг. Манайх даанч шинэ ном багатай. Хуучин ном нэлээд байдаг. Номын баяжилт хийх хөрөнгө дутмаг байдгаас номоо шинэчилж чадахгүй байна. Одоохондоо номын эргэлт байхгүй. Номоо татаж авч чадахгүй, баяжилт хийж чадахгүй байна. Ковидын үед хүмүүс ном унших нь багассан байсан. Хөл хорионы улмаас. Харин одоо эргээд ном унших нь нэмэгдэж байна. Манайх хөдөөний сум болохоор өөрсдөө худалдан авах төсөв мөнгө байдаггүй. Дандаа иргэдээс жилдээ цөөн тоогоор ном хандиваар орж ирдэг. Зарим нь хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн ном тэр бүр байдаггүй. Төрөөс номын сангаа харж үзээд, жилдээ ядаж хэдэн номны хөрөнгө оруулалт хийж өгөөч гэж хүсмээр байна. Одоо уншигчдад 1000 төгрөгөөр карт нээгээд номоо үнэ төлбөргүй уншуулдаг.

Сант сумын номын сан 6000 гаруй номтой. Үүнээс 30 хувь нь орчин үеийн ном. Ихэнх нь Лениний боть зэрэг дээр үеийн номууд байдаг. Хүмүүс ихэвчлэн уран зохиолын ном их сонирхдог. Манайх сүүлийн 2-3 жилд номын сандаа ямар ч баяжилт байхгүй байсан. Ингээд өөрийнхөө хүч, нөөц бололцоог ашиглаад хуучин цаг тооны бичгийг ашиглаад төрөл бүрийн бүтээлүүд хийсэн. Насны ангилалтай. Бага насны хүүхдэд, сургуулийн хүүхдэд, насанд хүрэгчдэд зориулсан. Мөн 2025 оноос төрийн бичиг хэргийг үндэсний бичгээр хөтлөх болж байгаа. Үүнтэй холбоотойгоор сумынхаа иргэдэд анхан шатны мэдлэг олгох зорилгоор Үндэсний бичиг үсгийн гарын авлага бэлтгэсэн. Үүгээрээ үзэсгэлэн гаргаад явж байна. Гар доорх материалаа ашиглаад сургуулийн өмнөх боловсролын, ерөнхий боловсролын 1-5-р ангийнханд. Тэгээд ард иргэдэд гэж төрөлжүүлсэн. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шүлэг цээжлүүлье. Амьтан нэрлэж сурцгаая, 21 аймгийн 7 гайхамшиг, ахлах, дунд, бага ангийнханд зориулсан монгол ёс заншил, гэр барих дараалал, ерөөл магтаал, мялаалга гэх мэт. Энэ бүтээлээ ажлынхаа зав чөлөөгөөр хийдэг. 2022 оны 1-р сараас эхэлж хийсэн. Гэртээ ажил дээрээ зав л гарвал хийдэг. Ирсэн хүмүүс үзээд их гоё санаа байна гээд сэтгэл өндөр байдаг. Ихэвчлэн цэцэрлэг, сургуулиар яваад үзүүлдэг. Саяхан би 1-5-р ангийнхныг номын сандаа урьж авчраад зурагт минутын уншлагаар үйлчилсэн. Үүнд хүүхдүүд маш их сонирхож дуртай байдаг. Зургаа нэрлээд минутад хэдэн амьтан уншихыг нь үздэг. Хүүхдүүд их гоё байна гээд маш их сонирхож байгаа. Манай сумын цэцэрлэгийн эрхлэгч санал тавьсан. Цэцэрлэг дээр хүүхдүүдэд уншуулж үзье гээд. Зурагт уншлага.   "Тэргүүний уншигч гэр бүл" Сүхбаатар сумын 1 дүгээр багийн иргэн Д.Дэлгэрсайханых: Номтой нөхөрлөөрэй гэж уриалмаар байна

Миний бие Сүхбаатар сумын 1-р багийн 5-р сургууль /хуучин МБК-ын 1-р сургууль гэдэг/ байсан. Тэнд суралцаж байхдаа бүр 2-р ангиасаа сургуулийнхаа номын сангаас ном авч уншдаг байлаа. Тэгээд л тасралтгүй одоог хүртэл ном уншиж байна. Энд тэндээс ном аваад л уншдаг байлаа. Сүүлдээ 2009 онд аймгийн номын санд карт нээлгээд уншдаг болсон. Сүүлдээ охиндоо бас карт нээлгээд хамтдаа ном уншдаг болсон. Ном унших их сайхан. Би танин мэдэхүйн, тууж, өгүүлэг, уран зохиолын ном голчлон уншдаг. Багадаа уншиж байсан хуучны зохиол, романуудыг Тунгалаг тамир, Элс цас гээд дахин уншсан. Ном уншихад мэдлэг тэлдэг юм шиг санагддаг. Их юм сурдаг. Бусад гэр бүлд хандаж номтой нөхөрлөөрэй гэж уриалмаар байна. Одоо хүмүүс ном унших нь их цөөрсөн байна шүү. Ер нь өөртөө л цаг гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Хааяа номын санд ороод сууж байгаарай. 20-30 минут суугаад ном уншаад гарч байгаарай. Одоо номын сан чинь карттай бол нэг номыг 7 хоногийн хугацаатай өгдөг болсон шүү дээ.     

Би хамгийн сүүлд “Өөрөө туссан нар” гээд Х.Энхбатын түүхийн холбогдолтой ном уншсан.

Охин Д.Будсүрэн:Сүхбаатар сумын ЕБ-ийн 2-р сургуулийн 11а ангийн сурагч

Ном унших маш гоё. Уншаад ирэхээр ном дотор байгаа зүйлс тархинд төсөөлөгдөөд харагддаг болдог. Иймээс их ихэвчлэн уран зохиолын ном унших дуртай. Хамгийн сүүлд би "Тэнгисийн дундах гэрэлт цамхаг" гэдэг гадаадын зохиолын ном уншсан. Арай дуусаагүй байгаа. би ирээдүйд эмч болох хүсэлтэй. Ном уншихаар ухаан тэлж, хүмүүстэй харилцахад туслах байх гэж боддог. Ном уншихад олон зүйлийг боддог. Хүмүүстэй яаж харьцах ч юм уу, үгийн баялагтай болж, хэлний мэдлэг сайжирдаг. Ихэвчлэн гадаадын зохиолууд уншдаг. 7 хоног бүр нэг шинэ ном аваад уншаад аваачиж өгдөг. Дахиад шинэ ном авч уншдаг. Найзууддаа ном их уншаарай. Хэдий сонирхохгүй ч гэсэн зүгээр өөрийн нүдэнд харагдсан, таалагдсан номоо авч уншаарай. Ер нь зарим номыг нүүрний зургийг нь хараад өөрт таалагдвал аваад уншиж болдог шүү дээ. Сонирхоод үзээрэй гэж хэлье.

Эхнэр Д.Пүрэвсүрэн: Ном уншсанаар хүний тархи толгой сэргэж, янз бүрийн мартаж, санах зүйлээс ангижирч, сэтгэл тайван их сайхан болдог

Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багт оршин суудаг. Манай гэр бүл хоорондоо номоо солилцоод уншдаг. Би гэртээ чөлөөт цагаараа ер нь л ном унших дуртай. Номын сангаас дандаа гоё гоё ном авч уншдаг. Их гоё байдаг. Ном уншсанаар хүний тархи толгой сэргэж, янз бүрийн мартаж, санах зүйлээс ангижирч, сэтгэл тайван их сайхан болдог. Энэ цахим эрин үед өөрт хоргүй номыг сайн уншиж байвал зүгээр юм уу гэж боддог. Би зохиолын болоод адал явдалтай ном унших дуртай. Ном уншихад ухаан тэлнэ. Сэтгэхүй бас өөрчлөгдөнө. Муу орчноос өөрийгөө чөлөөлнө. Номтой нөхөрлөөрэй гэж уриалмаар байна.    

 

Холбоотой мэдээ