“Үндэсний бичигтэн 2022-2024” хөдөлгөөн өрнүүлнэ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-19 22:35:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөх болсон. Энэхүү зорилгын хүрээнд бэлтгэл ажлыг хангах үүднээс үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан “Үндэсний бичигтэн 2022-2024” хөдөлгөөнийг өрнүүлэхээр Сэлэнгэ аймаг гараандаа гарлаа.

“Үндэсний бичигтэн 2022-2024” хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Н.Нарангэрэл цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн төв Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын албан хаагчдын 420 төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааны үеэр аймгийн БШУГ-ын дарга Ч.Жаргалсайхан “Үндэсний бичигтэн-2022-2024” хөдөлгөөний удирдамжийг танилцуулсан. Мөн Сүхбаатар сумын улсын тэргүүний ЕБ-ын 2-р сургуулийн 5 дугаар ангийн сурагчид Б.Ренчингийн “Монгол хэл” шүлгийг уншиж, Сүхбаатар сумын иргэн, чөлөөт уран бүтээлч Б.Үүрийнтуяа уран бичлэгийн үзүүлбэрийг үзүүллээ. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Ч.Алтантуяа, Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш, улсын уралдааны тэргүүн байрын шагналт Ж.Гэрэлмаа, Сүхбаатар сумын үндэсний лаборатори ерөнхий боловсролын 4-р сургуулийн ахмад багш А.Эрдэнэтуяа нар үндэсний бичиг үсэг сурах, сургах ажлын арга зүй, туршлагаасаа хуваалцав. Мөн МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн их суруулийн Монгол хэлний тэнхимийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Ганболд “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт илтгэл, мэдээллийг оролцогчдод цахимаар танилцуулав.

Хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, төрийн бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зөвлөн туслах, биелэлтийг бүрэн хангаж ажиллах үүргийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хүлээж байгаа юм. Иймээс Сумдын Засаг дарга, тосгодын захирагч нар:

-Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүх шатны байгууллагын албан хаагчдад хөдөлгөөний ач холбогдол, үр нөлөөг сурталчлан таниулах, түгээх, татан оролцуулах ажлыг удирдан зохион байгуулах

-Ахмад багш нар болон сум, тосгодын Насан туршийн боловсролын нэгжээс ард иргэдэд сургалт явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж, хамтран ажиллах

-Монгол бичиг заах багш нартай хариуцлагын гэрээг байгуулж, үр дүнд суурилсан урамшууллыг олгох

Төрийн бүх шатны байгууллагын дарга нар:

-Байгууллагын албан хаагчдад удирдамжийг сурталчлан таниулах, түгээх, арга хэмжээнд татан оролцуулах ажлыг удирдан зохион байгуулах

-Монгол бичиг заах багш нартай хариуцлагын гэрээг байгуулж, үр дүнд суурилсан урамшууллыг олгох үүргийг хүлээж байна.

“Үндэсний бичигтэн 2022-2024” хөдөлгөөний нээлтийг аймгийн ЗДТГ, БШУГ, СУГ, Нийтийн номын сан, “Сэлэнгийн Долгио” чуулга, Сэлэнгэ аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Сэлэнгэ аймгийн ТАСЗөвлөл хамтран зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Сайхан сумын ЕБ-ын 2-р сургуулийн Ш.Ариунаа багштай 12А ангийн "Мөнхийн зурлага" дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарсан нь онцлог байлаа.

Мөн үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэх ажлыг тууштай, тогтвортойгоор сум, орон нутаг, улсын хэмжээнд хэрэгжүүлж буй Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш Б.Оюунсүрэн, Ж.Гэрэлмаа нарыг БШУЯ-ны "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" тэмдгээр шагналаа. 

Холбоотой мэдээ