Монгол Улсын Үндэсний номын сан, “Голомт” сан хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-19 17:19:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын интерьер дизайныг мэргэжлийн байгууллагаар хийлгэх төсөл болон “Орчин үе-Номын сан” сургалтын төслийн санхүүжилтийг “Голомт” сан нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэхээр Үндэсний номын сан, “Голомт” сан хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.  

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах” зорилтын хүрээнд шинэ номын санг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж, барилгын ажил 87 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Шинээр ашиглалтад орох номын сангийн төрөлжсөн уншлагын танхимууд, давхруудын чөлөөт орон зай болох 3150 ам ддөрвөлжин метр талбайн дотоод тохижилтын орчин үеийн хэв маяг бүхий интерьер дизайны зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх төсөл болон гадаад орны номын санд мэргэжил дээшлүүлж, бодит нөхцөлд дадлагажуулах, орчин үеийн үйлчилгээний туршлагаас суралцах “Орчин үе-Номын сан” сургалтын төслүүдийг “Голомт” сан нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж, 145.0 сая орчим төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болж байгаа юм.

 

Орчин үед номын сангийн төрлөөс үл хамааран иргэд, хэрэглэгчид мэдлэг, мэдээллээ олж авах номын сан, тэдгээрийн байр, талбай, танхимын орчин нөхцөл, орон зайн төлөвлөлт нь өвөрмөц шинэлэг өнгө төрхтэй, сэтгэлд таатай хэлбэр дүрс, орон зай, мэдрэмжийг бий болгох санаа сэдэлд тулгуурлан хэрэглэгч төвтэй номын санг зохион байгуулах нийтлэг жишиг олон улсад зонхилж байна.

Иймээс номын сангийн дотоод тохижилтыг орчин үеийн хэв маяг бүхий орон зайн төлөвлөлттэй зохион байгуулахад онцгой анхаарах, олон улсын номын сангуудын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ажиллахад шаардлагатай хүний нөөцийг чадавхижуулах шаардлага тавигдаж байгаа юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр уншигч, хэрэглэгчдийн бүтээлч үйл ажиллагаа, эрэлт хэрэгцээнд нийцсэн олон талт үйлчилгээ үзүүлэх таатай орчин, чөлөөт орон зай бий болж, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр нөлөө сайжрах юм.

Холбоотой мэдээ