Олон улсын музейн өдрийг “Музейн хүч нөлөө” уриан дор тэмдэглэв

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-05-18 17:29:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслолыг “Музейн хүч нөлөө” уриан дор Монголын Үндэсний музейн задгай талбайд олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.


Монгол Улсын музейн байгууллагын хувьд ОУМЗ-ийн гишүүнээр 2003 онд элссэн бөгөөд Олон улсын музейн өдрийг музейг удирдах байгууллагатай хамтран тэмдэглэж иржээ.

Олон улсын музейн өдөр бол дэлхий даяарх музейн хамт олны хувьд ховор боломж юм. Энэ өдрийг тохиолдуулан олон мянган музей тухайн оны сэдвийн хүрээнд бүтээлч эвент ба үйл ажиллагаагаа төлөвлөж, үзэгчтэйгээ харилцаж, музей нийгэмд үйлчлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой гэдгийг онцлон харуулж музейн хүч нөлөөг нээн харуулах үйлсэд дэлхий даяарх мянга мянган музейтэй нэгдэхийг уриалж байна.

Нээлтийн үеэр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй музей, үзвэр үйлчилгээний газрууд, орон нутгийн музейн хамт олон иргэдэд зориулан соёл, танин мэдэхүйн хөтөлбөр танилцуулж, ном бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг толилуулсан юм.

Олон улсын музейн өдрийн ёслолыг нээж Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Соёлын Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Олон улсын музейн зөвлөлийн Монгол дахь үндэсний хорооны дарга С.Бумаа нээж үг хэллээ. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын баярын Илгээлтийг ЮНЕСКО-ийн Үндэсний комиссын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Идэр толилуулж баяр хүргэсэн юм.


Холбоотой мэдээ