“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг гүйцээн боловсруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 18:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.


Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй, зах зээлд борлуулж байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Иймд Уг төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн эмийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг энэ сарын 3-нд өргөн мэдүүлсэн юм.


Уг тогтоолын төслийг энэ сарын 12-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар Хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл, түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг тодорхой тусгаж гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Учралаас тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоосныг Байнгын хороонд ирүүлсэн байна. Ингээд төсөл санаачлагчдаас гаргасан саналаар санал хураалт явуулав.


Төслийн 1 дэх хэсгийг 2014-2018 онд хэрэгжүүлсэн Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүнг үндэслэн УИХ-ын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг хүний эмийн чанарын асуудлаар байхаар тогтоосугай гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн 88.3 хувийн саналаар дэмжлээ.  Мөн төслийн 2 дахь хэсгийг Хянан шалгах түр хорооны тусгай шалгалт нь 2019 оноос 2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааг хамрах бөгөөд хүрээ хязгаарыг хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганд танилцуулах болов.

Холбоотой мэдээ