БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар цахимаар хэлэлцжээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-05-17 12:11:14

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт цахимаар хэлэлцээ хийж, БНАСАУ-д вирустэй тэмцэх хүчин чармайлт гаргахад хамтран ажиллах, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтвортой зохицуулах арга замын талаар хэлэлцсэн гэж Сөүлийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Гадаад хэргийн сайд Пак Жин өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа хашиж эхэлснээсээ хойш Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй анх удаагаа утсаар ярих үеэрээ БНАСАУ-д “COVID-19” халдвар тархсанд санаа зовниж буйгаа илэрхийлээд, тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа талаар санал бодлоо солилцсон байна. 


Мөн БНАСАУ цөмийн болон пуужингийн хүчин чадавхиа хөгжүүлж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдалд аюул занал учруулж байгааг Пак Жин онцлоод, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтвортой зохицуулахад Сөүл, Бээжингийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг уриалсан байна.


Тэрбээр мөн хамтын үнэт зүйл, ашиг сонирхолд тулгуурласан “дэлхийн гол улс” болох Сөүлийн Засгийн газрын зорилтын талаар дурдаад, хоёр орны харилцааг “харилцан хүндэтгэх”, "хамтын ажиллагааны мөн чанарт” тулгуурлан хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.


Ван Игийн хувьд БНСУ-ыг Хятадын “стратегийн хамтын ажиллагааны түнш” хэмээн тодорхойлоод, энэ жил дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр талын харилцааг өндөр дээд түвшний харилцаа холбоо, хамтын ажиллагаа, соёлын солилцоогоор гүнзгийрүүлэхийг санал болгосон байна.


Мөн талууд хоёр орны удирдагчдын харилцан айлчлал, эдийн засаг, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, соёл урлаг, ард түмэн хоорондын харилцан солилцоог өргөжүүлэх тэргүүтэй салбарт хамтран ажиллах зэргээр “стратегийн харилцаа холбоо”-г нягт уялдуулахаар тохиролцжээ. 

Холбоотой мэдээ