Татварыг зохицуулбал өндөгний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой гэв

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 09:07:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйн ажилтай танилцлаа.


Энэ аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм. 2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 40 мянган дэгдээхийн нэг, өндөглөгч тахианы дөрвөн байр ашиглалтад оруулаад байна.


Ингэснээр “Түмэн шувуут” ХК жилд 150 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд дотоодын өндөгний хэрэглээг ойрын гурван жилд 100 хувь хангах боломжтой болох юм.


Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг. Чөлөөт бүсэд долоо хоногт 600 мянган ширхэг өндөг гадаадаас татваргүй орж ирдэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл болдог тухай шувууны аж ахуй эрхлэгчид ярилаа. Мөн урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох чиглэлээр төр, засгийн зүгээс бодлогоор дэмжихийг хүслээ.


Холбоотой мэдээ