Гар бөмбөгийн тэмцээнд Ховдын эрэгтэй баг түрүүлэв

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-16 14:07:20

Ховд /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадам орон даяар үе шаттай өрнөж буй. Тус наадмын дунд шат, Баруун бүсийн гар бөмбөг (волейбол)-ийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдрийн хугацаанд Баян-Өлгий аймагт болж дууслаа.      

Тэмцээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, тамирчид оролцсоноос Ховд аймгийн "Ховд эко цeмeнт" эрэгтэй шигшээ баг тэргүүн байрт шалгарлаа.


Мөн Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ.  Түүнчлэн “Шилдэг тэгш тоглогч-оор Ховд аймгийн эрэгтэй багийн тамирчин Б.Тамир, “Шилдэг холбогч”-оор А.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан бол эмэгтэй багийн тамирчин Г.Хулан “Шилдэг хамгаалагч”, У.Анужин “Шилдэг давуулагч”-аар тус тус шалгарч, шагналаа гардан авав.   


Эдгээр багууд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход "Ховд эко цeмeнт" төсөл, Вeстeрн холд ХХК, ЗДТГ, БТСГ-аас дэмжжээ.     

Баруун бүсийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд аймаг, сум орон нутгийн удирдах ажилтнууд болон салбар холбоод, ивээн тэтгэгч байгуулага, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцож, нийт баг тамирчдад амжилт хүслээ. Энэ удаагийн тэмцээнд манлайлсан баг тамирчид Улаанбаатар хотод болох дараагийн шатны тэмцээнд оролцох эрхтэй болсон аж. 

Энэхүү тэмцээн нь биеийн тамир, спортыг цогц байдлаар хөгжүүлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, харилцан туршлага солилцох, олимп, дэлхийн түвшинд өрсөлдөх тамирчдыг тодруулан спортын амжилтыг нь ахиулах зорилготой.

 

Холбоотой мэдээ