“Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажил Дорноговьд эхэллээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-13 16:21:19

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар улс орон даяар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт “Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажил өнөөдөр эхэллээ.

“Мод үржүүлэг-Агро экологийн төв” байгуулах ажилд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн офицер, цэрэг дайчид, Дорноговь аймгийн төрийн байгууллагын ажилтан алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Мод үржүүлгийн төв байгуулснаар суулгац нийлүүлэхээс гадна иргэд ажлын байраар хангагдана



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн манлайлан оролцож Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэсэн “Мод үржүүлэг-Агро экологийн төв”-ийг байгуулах ажлыг эхэллээ. Мөн тус төвийн дэргэд “Экологийн сургалтын төв”-ийг ч байгуулна. Энэ ажилд Дорноговь аймаг идэвхтэй оролцож ЗДТГ-аас 30 га газрыг олгосон.

Дорноговь болон говийн бүсэд байгаа анги салбаруудын алба хаагчид, тэдгээрийн гэр бүл мод тарих арга зүйд суралцах, говийн бүсэд экологийн мэдлэг олгох сургагч багш бэлтгэх боломж бүрдэж байна. Агро паркийн арчлалт хамгаалалтыг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа. Хашаажуулж хоёр га-д олон тооны хүлэмж барьж, услалтын системийг хоёроос гурван төрлөөр шийдвэрлэхээр төлөвлөсөн.

Хөрсний судалгаа хийж говьд ургах чадвартай хайлаас, улиас, заг зэрэг модыг илүү тарих тооцоог гаргасан. Зэвсэгт хүчний хэмжээнд есөн мод үржүүлгийн газар, хоёр агро экологийн сургалтын төв байгуулна. Бүх анги нэгтгэлүүд дээр агро экологийн мэргэжилтнүүдийг сургасан бөгөөд өнөөдрийн байдлаар 25 сургагч багш бэлтгэсэн. Мөн чөлөөнд гарсан 1800 гаруй ахмадыг мод үржүүлгийн газар, экологийн сургалтын төвд ажиллуулахаар төлөвлөж байна.


Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал:Мод үржүүлгийн газар байгуулж байгаа нь Дорноговь аймгийн хувьд тавуу тал юм


“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яам, Дорноговь аймаг хамтарч "Мод үржүүлгийн төв" байгуулах анхны ажлын шав тавилаа. Дорноговь аймаг 20 сая мод тарих амлалт авсан.

Мод үржүүлгийн газрыг байгуулахад орон нутгаас 30 га газрыг төлөвлөж олгосон бөгөөд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо газрыг төлөвлөснөөр цахилгаан болон худаг усны асуудлыг давхар шийдвэрлэлээ. Энэхүү мод үржүүлгийн газар байгуулснаар говийн бүсэд тариалах модны тарьц суулгацын хангалтыг нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Жилдээ 1.9 сая тарьц суулгацыг бэлтгэх мод үржүүлгийн газрыг байгуулж байгаа нь Дорноговь аймгийн хувьд тавуу тал. Өнөөдөр орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагууд мод үржүүлгийн газрыг байгуулахад хамтран оролцож байна. Арчлалт хамгаалалтыг Зүүнбаянгийн 336 дугаар анги хэрэгжүүлэх бол Дорноговь аймаг мод тарьж ургуулах тал дээр орон нутгийн нөхөрлөлүүдийг оролцуулж хамтарч ажиллах болно гэв.  

Зүүнбаян дахь  зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн байгуулж буй сургалтын төв 2022-2023 онд 16 нэр төрлийн 2,2 сая ширхэг мод, бут сөөг тарьж үрслүүлэн, 2024 оноос жилдээ 1,9 сая тарьц, суулгац нийлүүлэх ба 2030 он хүртэл нийт 9,7 сая  мод тарьц, суулгац нийлүүлэх боломжтой аж.

Мод үржүүлэх агро паркад ургуулсан модыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, авто зам дагуу тарих бөгөөд энэ нь элс, шар шороон шуурганаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж албаныхан үзэж буй. Зохион байгуулалтын ажлыг Батлан хамгаалах яам, хүн хүчний бодлогыг анги нэгтгэлүүд хариуцах бол бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Эрдэнэс таван толгой” компани гаргаж буй талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр онцолсон юм. 


Холбоотой мэдээ