Сурагчдыг ЭЕШ-д вакуумжуулсан сургалт хэлбэрээр бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-13 10:50:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай нар мэдээлэл хийж, 12 сугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д нэг сарын хугацаагаар вакуумжсан сургалт хэлбэрээр бэлтгэх болсноо зарлалаа.

"Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1751 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Өнгөрсөн сард зохион байгуулсан монгол хэл, бичгийн шалгалтад 1252 хүүхэд орсон. Үүнээс 152 оролцогч өмнөх оны төгсөгч байсан. Шалгалтад 381 хүүхэд тэнцсэн, гүйцэтгэл 34,6 хувьтай байна. Хувилбар солигдсон зэрэг зарим тодорхой шалтгаанаар Боловсролын үнэлгээний төвд өргөдөл өгч шалгуулан тэнцсэн хүүхдүүд бас байгаа. Монгол хэл, бичгийн 2 дахь удаагийн шалгалт энэ сарын 7-ны өдөр болсон. Нийтдээ аймгийн хэмжээнд 1035 хүүхэд орох ёстойгоос 809 хүүхэд орсон байгаа.

Тус шалгалтаас тэнцсэн хүүхдүүд ЭЕШ өгч мэргэжлийн хуваарь сонгох боломж бүрдэнэ. Шалгалтын дүн энэ сарын 15-ны өдөр гарна. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхэлж хөдөөгийн бүх сумын сургуулиудаар тойрон ажилласан. ЭЕШ өгөх хичээлүүдээр сорилын шалгалт авч дүн шинжилгээ хийсэн. Дүн шинжилгээг үндэслэн ЭЕШ-аас 500-гаас доош оноо авах магадлалтай хүүхдүүдийн судалгааг гаргаж аймгийн төвд авч ирж, туршлагатай, мэдлэгтэй багш нараар вакуумжсан сургалт хийхээр ажиллаж байна. Уг асуудлаар аймгийн Засаг даргатай зөвлөлдөж хамгийн боломжтой гэсэн 27 багшийн судалгааг гаргасан. Эдгээр багш нарын цалин хөлсийг аймгийн Засаг даргын зөвлөлөөс шийдэж өгсөн.

Вакуумжсан сургалтаа Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд энэ сарын 24-ний өдрөөс эхэлж хийнэ. Сургалтад хамрагдах сурагчдын нэрс энэ сарын 16-ны өдөр тодорхой болно" хэмээн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай хэллээ.

Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 600 гаруй хүүхэд вакуумжсан сургалтад хамрагдах тооцоо гарчээ. Сурагчдыг 2 ээлжээр шалгалтад бэлтгэнэ.

"Баян-Өлгий аймгийн хэмжээнд тэтгэвэрт гарсан 260 гаруй ахмад багш байна. Арвин их туршлагатай эдгээр хүмүүсийг сурагчдыг ЭЕШ-д бэлтгэхэд татан оруулах саналтай байна. Аймгийн төвд ирж ЭЕШ-ын вакуумжсан сургалтад суух хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнтэй холбоотой аймгийн Соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, Номын сан, Орон нутаг судлах музей, Биеийн тамир, спортын газрын удирдлагад үүрэг даалгавар өгнө. Энэ хугацаанд сургуулийн захирлууд ирж хүүхдүүдээ эргэх ёстой. Мөн дээрх асуудлаар энэ сарын 22-ны өдөр Багш нарын зөвлөгөөн зохион байгуулна" гэдгийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан онцлов.

Хөдөө сумдаас аймгийн төвд ирж вакуумжсан сургалтад суух сурагчдыг харьяа сургуулиас нэг багш хариуцаж ирнэ. Тухайн багштай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас хариуцлагын гэрээ байгуулж ажиллах ажээ.   

Холбоотой мэдээ