Кишида: Япон, ЕХ ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний шахалтаа үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-12 14:24:26

ТОКИО. /RT/. Япон, Европын Холбоо /ЕХ/ Украины байдалтай холбогдуулан хориг арга хэмжээ авах замаар ОХУ-д үзүүлэх шахалтаа үргэлжлүүлнэ гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ЕХ-ны удирдагчидтай хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.


“Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгтэй бид санал нэгдсэн” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Кишидагийн хэлснээр, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нартай хийсэн уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдал, дижитал салбарын хамтын ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх талаар хэлэлцжээ.


Түүнчлэн Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн огцом өссөнтэй холбоотой асуудлаар Африкийн орнуудтай хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов. Талууд мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгохын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ нотолсон байна. “ЕХ Умард Солонгосын зүгээс учирч буй аюул, Өмнөд Хятад, Зүүн Хятадын тэнгист аюул занал хэвээр байгааг харгалзан Энэтхэг-Номхон далайн бүс нутагт идэвхтэй үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байна” гэж Европын Комиссын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ