5 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэл 65 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-11 13:37:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын тавдугаар сургуулийн барилгыг 2017 онд барьж эхэлсэн ч ковидын халдвар, улсын төсвийн санхүүжилтийн удаашрал, хил гаалийн асуудал, барилгын зургийн шинэчлэл зэргээс удааширч гүйцэтгэл тасалдсан гэж гүйцэтгэгч талаас танилцууллаа.  Одоогоор барилгын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Сургуулийн барилгын үйл явцтай Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, ИТХ-ын дарга Т.Ихбаяр, ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Гүйцэтгэл удааширснаас зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, хүүхдүүд давтлага, дугуйланд хамрагдах боломжгүй болсон. Энэ нь хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж, ноцтой хохирол учруулж буй талаар сумын удирдлагууд гүйцэтгэгч компанийн захиралд санууллаа. Улмаар төсөв санхүүгийн байдал хүнд байгаа ч төрийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, хамтарч ажиллахаа хэлсэн. Харин барилгын ажлыг гүйцэтгэгч MBBC компанийн зүгээс бүхий л нөөц боломжоо дайчилж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд түргэн шуурхай сургуулийн барилгыг дуусгаж, энэ ондоо багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөө илэрхийллээ.

Тодруулбал, Баруун-Урт сумын 3 дугаар суруулийн хүүхдүүд ашиглахыг хориглосон байранд хичээллэж, спорт заалгүйн улмаас биеийн тамирын хичээл нь гадаа ордог. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдах боломж нь хязгаарлагдмал байгаа. Үүнтэй холбоотойгоор 3 дугаар сургуулийг энэхүү шинэ байранд шилжүүлэн оруулах хуваарилалтыг хийсэн. Мөн бусад сургуулийн ачааллыг бууруулах үүднээс нэмэлтээр анги, бүлэг нээх талаар ч ярилцаж байгаа аж. 

Холбоотой мэдээ