Хоногт найман цаг унтах нь бүх насныханд зохистой юу?

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-10 15:41:23

ЛОНДОН. /DW/. Насанд хүрэгчдийн хувьд хоногт найман цаг унтах нь бүтэн нойроо авах хангалттай хугацаа гэж хүмүүсийн ихэнх нь үздэг. Харин энэ нь тодорхой насанд хүрсний дараа үнэнд нийцэхээ больдог байж магадгүй байна.


Тодруулбал, Их Британийн Кембрижийн их сургууль, Хятадын Фудань их сургуулийн судлаачдын баг дунд болон ахимаг насны хүмүүст долоон цаг унтах нь хангалттай байж магадгүй болохыг олж тогтоожээ.


Nature Aging” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, долоон цаг унтах нь ой тогтоолт, сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн сайн болохыг судлаачид тогтоосон байна. Тэд 38-73 насны 500 мянга орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр дутуу болон илүү нойр нь ой тогтоолт, сэтгэцийн эрүүл мэнд муудахтай холбоотой байгааг тогтоожээ.


Судалгаанд оролцогчид нойрны хэмнэлийнхээ талаар мэдээлж, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуултуудад хариулснаас гадна хурд, анхаарал, ой санамж, асуудлыг шийдвэрлэх чадварыг шалгасан даалгавруудыг гүйцэтгэсэн байна. Ингэхэд өдөрт долоон цаг унтдаг хүмүүсийн үзүүлэлтүүд бусдынхаасаа өндөр байжээ.


Гэхдээ судалгаатай холбоотой анхаарах нэг зүйл нь оролцогчдынх нь 94 хувь нь цагаан арьстнууд байсан учир өнгөт арьстай, угсаа гарал, соёлын ялгаатай хүмүүсийн хувьд адил байх эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Үүнээс гадна өөр нэг чухал хүчин зүйл ажиглагдсан нь тууштай байдал байжээ.


Үүний учир нь нойрны хэмнэл нь удаан хугацааны туршид тогтвортой буюу бага зэрэг өөрчлөгдсөн, тогтмол долоон цагийн нойр авдаг хүмүүст хамгийн сайн үр дүн ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, томоохон уулзалт хурлын өмнө дөрвөн цаг унтсан бол маргааш нь 10 цаг унтсанаар нойроо “нөхөж” болохгүй гэсэн үг аж. 

Холбоотой мэдээ