Тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр Ерөнхий архитектортай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-10 14:11:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа.


Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд газар эзэмших зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлэв. Иргэн Г.Эрдэнэчимэг “Бид 1995 оноос хойш тус хорооны Шар хадны эцсийн автобусны буудал дээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, 2014 оноос хойш зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байна. Тэр хэсэгт автобусны буудал барина гэсэн учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй болсныг шийдэж өгнө үү” хэмээв.


Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Төрийн байгууллага нь албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй ч 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж, газрын төлбөр, үйлчилгээний татвар төлж ирсэн бол ажлыг нь гэнэт зогсоох зохимжгүй. Засаг дарга ч тухайн байршилдаа удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй иргэдийн асуудлыг хууль журамд нийцүүлэн шийдэх байр суурьтай. Иймд асуудлыг шийднэ. Эхлээд дүүргээс газар эзэмших эрхийг нь олгох хэрэгтэй” гэлээ. Тухайн хэсэгт жишиг буудал барихдаа иргэдийн павилионыг буулгах бус ногоон байгууламж, нийтийн бие засах газар зэргийг байгуулж орчны тохижилт хийх тул иргэдийг хамтран ажиллахыг хүсжээ.


Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Шагдарсүрэн ярихдаа, “Нэгдүгээр хороолол орчимд 2011 онд 1000 ам метр талбайг эзэмших зөвшөөрөл авч, талбайгаа чөлөөлөн ажлын байр барьсан. Гэтэл зөвшөөрлийнх нь хугацаа 2021 онд дуусаж, ажлын байраа нураах нөхцөл үүсээд байгааг боломжит аргаар шийдэж өгөх”-ийг хүсэж, газраа авч үлдэх хүсэлтээ илэрхийлсэн юм.


Тус дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж тухайн иргэн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй хэд хэдэн талбайд объект барьсан зэрэг зөрчил илэрсэн тул газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авч байгааг тодотгов.


Уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар, БЗД-ийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Б.Батбаяр, СХД-ийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж оролцов.

 

Холбоотой мэдээ