Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх ажил үр дүн багатай байна гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-06 17:28:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Төрийн аудитын газар нь нэгдсэн төлөвлөгөөт “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын төгсгөлийн уулзалтыг энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа. 

Аудитаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүн багатай, орон нутагт ажлын байр бодитоор нэмэгдээгүй байна” гэсэн ерөнхий дүгнэлтийг хийжээ.

Мөн нийт 1,943.5 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсний 1,569.5 сая төгрөгт 16 албан шаардлага, 372.9 сая төгрөгт 8 заалт бүхий зөвлөмжийг аймгийн Засаг дарга, 10 сумын ИТХ, Засаг дарга, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, ХХҮГ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хүргүүлжээ. 

Уулзалтын явцад шалгагдагч байгууллагуудтай аудитын дүн, дүгнэлт, явцад гарсан хүндрэл бэрхшээл, цаашид анхаарвал зохих шаардлагатай асуудлуудын талаар харилцан ярилцаж, аймгийн хэмжээнд төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд анхаарч ажиллаж, бодит ажлын байр бий болгоход чиглэсэн арга хэмжээ авах талаар санал солилцсон байна.


Уулзалтад аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Т.Байгалмаа, аудитын менежер Д.Нэргүйбаатар, ахлах аудитор Х.Алтанчимэг, аудитор Н.Энхчимэг, Аймгийн Засаг даргын орлогч П.Бат-эрдэнэ, ЗДТГ-ын НБХ-ийн дарга И.Амартүвшин, мэргэжилтэн Н.Авирмэд, ХХҮГ-ын дарга Ч.Батнайрамдал, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Аззаяа, аймагт үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн удирдлагууд оролцсон байна. 

Холбоотой мэдээ