Алдарт бөх Тедди Ринер Монголд хамтарсан бэлтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-02 12:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын 3 удаагийн аварга Тедди Ринер, дэлхийн аварга Ан Баул тэргүүтэй Франц, БНСУ-ын жүдо бөхийн шилдэг тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотноо өчигдөр /2022.05.01/ ирлээ.


Францын багийн бүрэлдэхүүнд энэ удаа олимпын 3 алт /үүнээс багийн 1 алт/ , 2 хүрэл медальт, дэлхийн аваргын 10 алт, 1 мөнгөн медальт, Европ тивийн 5 удаагийн аварга Тедди Ринер багтжээ. Тэрбээр 33 настай бөгөөд Токиогийн олимпоос хойш тэмцээнд оролцоогүй байгаа аж.


Алдарт бөх Тедди Ринер шинэ олимпын циклээ 3 дугаар сард Бразилд хамтарсан бэлтгэл хийж эхлүүлсэн бол энэ удаа Монголын багтай хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Теддигийн гол зорилго нь 2024 оны Парисын олимп бөгөөд Бразилд хийсэн 10 хоногийн энэ бэлтгэлээр хэвтээ барилдааны арга техникээ сайжруулж, жиү-жицүгийн мэх заалгасан юм байна.


Тэрбээр Бразилын хамтарсан бэлтгэлийн дараа  “Би 7 дугаар сард Унгарын Их Дуулгад оролцох нь тодорхой. Дараа нь ямар тэмцээнд оролцохоо Унгарт хэр барилдсан үр дүнгээс шалтгаалан, шийдвэрлэнэ. Ирэх 10 дугаар сард ДАШТ-д оролцоно. Би Токиогийн олимпын дараа 6 сар амарсан. Цаашдаа гадаадад ихэвчлэн бэлтгэл хийнэ. Надад хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй байна” гэж хэлж байсан юм.  Алдарт бөх Тедди Ринер өмнө нь 2012, 2015 онд Монголд ирж байсан билээ.



Харин дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баулын хувьд олимпоос хойш харьцангуй идэвхтэй ОУЖБХ-ны цуврал тэмцээнд оролцож байгаа аж. Өдгөө 28 настай Ан Баул энэ оны эхэнд Португалийн Гран при-гээс хүрэл медаль, Парисын Их дуулгаас мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Өмнөд Солонгосын баг тамирчид 5 дугаар сарын 13-ныг хүртэл Монголд хамтарсан бэлтгэл хийх юм.



Ташрамд дуулгахад, Улаанбаатар хотноо  6 дугаар сарын 24-26-нд "Степпе арена"-д болох Их дуулга тэмцээнд өнөөдрийн байдлаар Чили, Киргиз, Португал зэрэг улсын тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.





Холбоотой мэдээ