“Ээлтэй орчин-Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэг өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-29 15:38:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ээлтэй орчин-Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэгт эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын төлөөлөл танхимаар болон цахимаар зохион байгуулж дуу хоолойгоо нэгтгэлээ.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хэлэлцүүлгээр хүүхдэд ээлтэй орчныг бүрэн бүрдүүлэхэд салбар болон хууль тогтоомжийн зохицуулалтад тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдэх гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.


Засгийн газраас хүүхдийн ирээдүйн төлөө хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг үнэлж, хүүхдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудад эрх зүйн шинэчлэл хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор салбар бүр хүүхдийн эрхэд суурилсан зарчим баримталж, 2022 оны үйл ажиллагааг хүүхдэд ээлтэй орчныг сайжруулахад чиглүүлэхийг тэрбээр үүрэг болгов.



Тавдугаар сард болох “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган”-ыг угтан хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, хүүхдийн эрх хамгаалах, ээлтэй орчин бүрдүүлэх гарц, шийдэл тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.


Эрчим хүчний салбарын 27 үйлдвэр компанийн ажилтан, албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар 14573 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх насны 4923 буюу 33 хувь, сургуулийн насны 9650 буюу 67 хувь байгаа аж. Сургуулийн өмнөх насны 4923 хүүхдээс 1329 нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.


Хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, хүүхдийн эрх хамгаалах, ээлтэй орчин бүрдүүлэх гарц, шийдлээ тодорхойлох, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, уриалгыг салбарын хэмжээнд бодитой ажил хэрэг болгохын төлөө холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, батлуулахад бодлогын хэмжээнд дэмжиж, хамтран ажиллахаа төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжжээ. 

Холбоотой мэдээ