Гүн боловсруулалтын технологийн 4 байгууламж барих гэрээнд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-29 15:17:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын “Honeywell UOP” компанийн лицензээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн 4 байгууламжийг барихаар боллоо.


Гидрокрекинг (Hydrocracking), Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT), Шингэрүүлсэн шатдаг хий ялгах (LPGT), Бензин үйлдвэрлэх (MS Block) байгууламжуудын лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “Honeywell UOP” компанитай Лиценз-Инженерчлэлийн гэрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Honeywell UOP” компанийн Дэд ерөнхийлөгч ноён Келли Сайберт нар өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлдвэрийн гүн боловсруулалтын буюу хоёрдогч технологийн байгууламжууд нь дэлхийн нефть-химийн салбарын томоохон концернуудын лицензээр байгуулагддаг. Төслийн хамгийн их цаг хугацаа шаардсан, өндөр технологийн, нарийн төвөгшилтэй эдгээр технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил дуусаж, АНУ, баруун Европын нефть-химийн салбарын компанитай гэрээ байгуулж эхэлснээр төсөл нэг шат урагшилж, олон улсын томоохон концернуудтай гэрээ эрх зүйн хувьд холбоотой болоод байгаа.


Манай улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь Гүн боловсруулалтын гидрокрекинг технологитой. Энэ нь газрын тосны хүнд үлдэгдэл буюу хүнд молекулуудыг устөрөгчтэй орчинд катализаторын тусламжтай задалж бензин, керосин, дизель түлш, шингэрүүлсэн хий зэрэг хөнгөн бүтээгдэхүүний гарцыг нэмэх зориулалттай үйл явц гэдгийг Монголын газрын тос боловсруулах ТӨХХК мэдээлэв.


Гидрокрекинг технологийн байгууламж нь өндөр чанарын дизель, онгоцны түлш түлхүү үйлдвэрлэх зориулалттай, түүхий тосны шинж чанар, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөхөд нийцэх чадамжтай байх юм.


Үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийг оновчтой сонгохын тулд эцсийн бүтээгдэхүүний төрөл, гарцын хэмжээ, чанар стандартын шаардлага хангах эсэх, үйл ажиллагааны хүндрэл, горимын уян хатан чанар, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг шалгуур үзүүлэлтээр 30 гаруй технологийг харьцуулан судалж тооцоолжээ. Олон шалгуур үзүүлэлтээр Гидрокрекинг байгууламж хамгийн тохиромжтой технологиор шалгарсан байна.


АНУ-ын “Honeywell UOP” компани нь https://uop.honeywell.com/en шинжлэх ухаан, өндөр технологи, хүнд аж үйлдвэрийн олон салбарын 3000 гаруй патентийг зохиогч, эзэмшигч бөгөөд технологи, инженерчлэлийн инновацын хувьд Америк, Ази, Европ, Ойрхи Дорнод гээд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 100 гаруй жилийн туршлагатай компани аж

Холбоотой мэдээ