Дэд хороо дөрвөн гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Дээрх гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага яллагдагчаар татан шалгаж байна. АТГ-аас гишүүдийг нэг удаа мэдүүлэг авахаар дуудсан бөгөөд гишүүд дуудсан хугацаанд нь очиж байгаа тул мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулаагүй хэмээн дэд хороо үзсэн байна. Мөн уг асуудлыг прокуророос нууцын зэрэглэлтэй ирүүлсэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Одоо уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.