Монгол, Бельгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-26 07:24:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенсийг энэ сарын 25-нд хүлээн авч уулзан Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.


Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Хаант Улсын Засгийн газрын хамтарсан “Монгол Улсын Зүүн болон Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төв байгуулах төсөл” амжилттай хэрэгжсэнийг сайшаав. Хоёр талын харилцааг улам бэхжүүлж, цаашид худалдааг нэмэх, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд И.Хоогмартенст илэрхийлж, тодорхой хувь нэмэр оруулна гэдгээ онцлов.


Элчин сайд И.Хоогмартенс Брюссель, Лондон дахь Бельги Улсын Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байсан. Бельги Улсын Шадар сайд бөгөөд Хөгжлийн хамтын ажиллагаа, цахимжуулалт, харилцаа холбооны сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 онд Бельги Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон.

Холбоотой мэдээ