Алдарт зураач З.Церетелигийн үзэсгэлэн Монголд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн захирал, алдарт зураач Зураб Церетелигийн “Далд шидэт реализм” график зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.
Тухайн үеийн ЗХУ-ын Тифлис хотод 1934 онд мэндэлсэн тэрбээр Зөвлөлт, Гүрж болон Оросын зураач, барималч, багш сурган хүмүүжүүлэгч бөгөөд 1997 оноос өнөөг хүртэл ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм.
Дахин давтагдашгүй 5000-аад бүтээлээрээ дэлхийд танигдсан түүний уран бүтээлийн цар хүрээ том хэмжээний монументаль баримлаас уран зураг хүртэлх маш олон төрлийг хамарсан байдаг. Мөн хүүхэдлэг, хүний амьдралын энгийн ахуйгаас авхуулаад сэтгэлийн чанад дахь нарийн нуугдмал шинж чанар бүхий л талыг харуулсан зураасан зургуудаа гүрж ард түмний угсаатны зүйн нарийн судалгаа шинжилгээ, ажиглалтад үндэслэн туурвижээ.
ЗХУ-ын
Дүрслэх урлагийн академийн гишүүнээр 1979 онд сонгогдсон тэрбээр ЗХУ-ын
төрийн шагналыг 1970, 1982, ОХУ-ын төрийн шагналыг 1996, В.И.Лениний нэрэмжит
шагналыг 1976 онд хүртэж, 1980 онд ЗХУ-ын Ардын зураач, 1990 онд Социалист
хөдөлмөрийн баатар, 1994 онд ОХУ-ын Ардын зураач цолоор шагнуулжээ.
Түүний монументаль зургийн олон том бүтээлээс Ульяновск дахь В.И.Лениний хөшөө дурсгал, Измайлово дахь зочид буудлын цогцолбор, Ялт дахь "Ялта-Интурист" зочид буудлын цогцолбор, Сочи дахь "Ривьера" цэцэрлэгт хүрээлэн, Тбилиси дэх Үйлдвэрчний эвлэлийн ордон, Москвагийн Их театрын шинэ тайз, уран баримлын бүтээлүүдээс нь Нью-Йорк дахь НҮБ-ын барилгын өмнөх "Сайн сайхан, муу муухайг ялан дийлж буй нь", Москвагийн "Мөнхийн найрамдал", Севиль дэх "Шинэ хүн мэндэлж буй нь", Лондон дахь "Үл итгэлцлийн ханыг нураах нь", Рузь дахь Зоя Космодемьянскаяд зориулсан баримал зэргийг дурдаж болно.
Дүрслэх урлагийн академи болон Монголын уран зургийн галерейн урилгаар дэлхийн алдарт өв болсон ОХУ-ын зураач З.Церетелийн зураасан зургийн энэхүү үзэсгэлэнг эх орондоо үзэх боломж олдож байгаа нь Монголын дүрслэх урлагийн түүхэн үйл явдал болж буйг уран бүтээлчид онцолж байна.
Дүрслэх урлагийн академийн захирал Д.Уранчимэг хэлэхдээ, “З.Церетелигийн зураасан зургийн ертөнцийг монголын ард түмэнд анх удаа толилуулж буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой. Түүнийг зураач, уран барималч гэдгээр нь хүмүүс мэддэг. Тэрбээр дэлхийд маш олон инновац хийж 100 гаруй патент батлуулсан. З.Церетели дэлхий дахинд өнгөөрөө тамгалагдсан байдаг. Түүний өнгө бол зураач бүрт заяадаггүй, нууцлаг, далд ертөнцтэй. Түүний уран баримал, монументальгүй хот гэж бараг үгүй гэж хэлж болно. Уран бүтээлүүд нь хүүхэд нас шиг баясгалантай, нарлаг, өнгөлөг, хөдөлгөөнтэй байдаг. Түүний бүтээлээр дамжуулан хүмүүнлэг байх, бие биенийгээ ойлгох, олон соёлыг нэгэн дор хүлээн зөвшөөрөх гэдгийг харуулж байна” гэв.
Дүрслэх урлагийн академи болон Уран зургийн галерей
хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд зуоаасан зургийн 40 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэн тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.