Мал аж ахуй дагасан үйлдвэрлэлийг НҮБ-ын дэмжлэгээр хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-20 16:59:09

Завхан/МОНЦАМЭ/. Малчид хэсэг бүлгээрээ хоршиж, өрхийн хэрэгцээгээ хангах төдийгүй орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах замаар эдийн засгийн хувьд идэвхтэй эд эс болоход нь түлхэц үзүүлэн цочролд өртлөө гэхэд халамжаар тэтгэгдээд байх бус бэлэн байдлаа хангасан байхад сургах нь төслийн зорилго юм. Мал аж ахуй дагасан үйлдвэрлэлийг улс орон даяар хөгжүүлж, малчин хүн бол бизнес эрхлэгч гэдгийг харуулсан төслийн үр дүнг хэлэлцсэн, энэ үр дүнг цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөө, гарц гаргалгаагаа зөвлөлдсөн малчдын зөвлөгөөн Завхан аймагт амжилттай болж өнгөрсөн.

Малчин бүрт хүрч үйлчилсэн энэ төсөл бол НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллагаас зорилтот сумдад хэрэгжүүлсэн "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан төсөл юм. Энэ төслийн хүрээнд нийт 14 малчдын бүлэг хоршоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж буйг цувралаар хүргэж байна.


Завхан аймгийн Яруу сумын Улсын хошой аварга малчин Лодонгийн Чогсомжав:

Малаас гарч буй түүхий эд бүхнийг "үнэ"-тэй болгох нь малчин хүний ухаан, хөдөлмөрөөс л шалтгаална

Мал маллах амаргүй ээ. Тэднийг яг л өөрийн хүүхэд шигээ бөөцийлж, таваарлаг, тарга хүч сайтай малыг адгуулна гэдэг малчин хүнээс чамгүй авьяас шаарддаг гэж Завхан аймгийн Яруу сумын улсын хошой аварга малчин Л.Чогсомжав ярив. Мал төллөөд, бойжоод дууссан, жаахан амсхийсэн үеэр малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил боллоо. Сум, баг бүрээс шилдэг, сайн малчдыг урьж, зөвлөлдөж, тэдний арга туршлагыг сонсож байгаа нь маш чухал.

НҮБ-аас, аймгийн ЗДТГ-аас, төрөөс малчдын талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонслоо. Малчид бид нийгмийн даатгал төлөх нь хэрэгтэй, маш чухал асуудал гэдгийг өмнө нь мэдддэггүй байлаа. Харин төслийн хүрээнд нэлээд мэдээллийг сонсож мэдсэнээрээ нийгмийн даатгалд хамрагдахын ач тусыг ойлгоод байна. Мөн мал, эд хөрөнгөө даатгах, даатгалын ач холбогдол, хоорондоо хоршиж, малаа маллахаас гадна өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх хамтын хоршоог хөгжүүлж, жижиг үйлдвэрлэлийг малчин хүн бүр хийх боломжтой гэдгийг ч олон малчин мэдэж авсан. Өнөөдөр түүний үр дүнг малчид маань зөвлөгөөний үеэр ярьж байна. Бас төслийн шугамаар дэмжлэг авсан малчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан байна. Малчдад хийж чадахгүй зүйл гэж байдаггүй гэдгийг энэ үзэсгэлэнгээс харж болох юм.

 

Ер нь малчин хүн малаасаа л орлого олдог. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулаад, мах, сүү, арьс шир, ноос, ноолуур гээд малаас гарч байгаа бүхий л түүхий эдийг борлуулж байж, малчид орлоготой байна. Малаас гарч байгаа бүх түүхий эдийг ашигтай хөрөнгө болгох нь л чухал. Малаас гарч буй түүхий эдээрээ жижиг дунд үйлдвэрлэл явуулж амжилттай ажиллах боломж ч бий. Малчдад энэ талын мэдлэг мэдээлэл өгөх, туршлага хуримтлуулах, суралцах зээлд хамрагдах гээд бэрхшээл байдаг байсан. Харин НҮБ-ын дөрвөн байгууллагын хамтарсан төсөл, хөтөлбөр манай аймагт хэрэгжсэнээр малчид суралцаж, шинэ мэдээлэл авч, бас таван сумын малчид хоршиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, сумандаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг хараад бахархаж сууна. Манай хөдөөд хонины арьс үнэгүйдээд байна. Энэ асуудалд төрөөс бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй гэж боддог. Олон улсын төсөл хөтөлбөрүүд ч малчдад малаа мөнгө болгох, амьжиргаагаа дээшлүүлэх боломж, гарц гаргалгааг нь хэлж өгч байна. Зуд, байгалийн гамшигт үзэгдлийн үеэр малчид таван малаа алдаад ахиад үргэлжүүлээд амьжиргаагаа залгуулахад ямар их хүндрэл учирдгийг судалгаа, баримттай нь ярьж буй нь их чухал юм.  


Сумынхаа малгүй, амьдралын боломжгүй, гурван ,залуу малчин гэр бүлийг малжуулж туслах малчнаар ажиллуулдаг. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж туслах малчны гэрээ байгуулан ажилласан. Эдгээр малчдаас хоёр нь аймгийн аварга, сумын аварга малчин болсон. Мөн өөрийн гэсэн малтай болж амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болсон. Түүнээс гадна залуу малчдад мал маллах өөрийн арга туршлагаас зааж өгч үлгэрлэж байна. Малаа отроор тарга хүч авахуулах, өвлийн улиралд малаа тарга хүчээр нь муу, сайнаар нь ялгаж хариулгаа өөр өөрөөр маллаж онд оруулах. Отрыг хийхдээ өөр аймаг, сумын малчдын өвөлжөө, намаржаанд хариулах нь зохисгүй юм. Бэлчээрийн маргаан ч их гардаг. Тиймээс сум дотроо бэлчээр нутгаа хуваарьтай, үр ашигтай өнжөөж отор нүүдлийг хийдэг байх талаар залуу малчдад зааж сургаж байна гэж Яруу сумын Улсын хошой аварга малчин Лодонгийн Чогсомжав хэллээ.

 

Отгон сумын малчин, Гоёл бүлгийн гишүүн Х.Мөнхжаргал:

Малчин эмэгтэйчүүд олуулаа хоршиж үйлдвэрлэл явуулах нь цаг хугацаа хэмнэх

төдийгүй олон талын үр ашигтай байдаг

-НҮБ-ын хамтарсан төсөл болох “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөрөөс манай бүлэг зургаан оёдлын машиныг авч үйл ажиллагаагаа өргөтгөн, бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмсэн. Мөн бүлгийнхээ гишүүдийн тоог ч нэмэх боломжтой болсон. Бүлэг маань анх 2015 оноос долоон гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ үед зөвхөн монгол дээл л захиалгаар оёдог байв. Харин НҮБ-ын төслийн дэмжлэгээр хэрээсний болон зөөлөн оёдлын сүүлийн үеийн тоног төхөөрөмж, түүхий эд даавуу материалаар хангагдсан. Ингэснээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх боломжтой болсон төдийгүй бүлгийн малчин эмэгтэйчүүд маань төслийн дэмжлэгээр европ хувцасны эсгүүр, оёдлын сургалтуудад сууж ур чадвараа илүү сайжруулж чадсан. Бүлгийн оёдолчдын тоогоо ч нэмсэн, ингэснээр бид сумандаа илүү олон төрлөөр бүтээгдэхүүн оёж иргэдийнхээ хэрэгцээг хангах. Бусад хөрш зэргэлдээ сумдаасаа европ болон монгол хувцас, хүүхдийн хувцасны захиалга авч үйлдвэрлэл маань бага багаар нэмэгдэж, бүлгийн малчин өрхүүдийн амьжиргаа дээшилж байна.

-Төслийн дэмжлэг авахаас өмнө бүлэг хэрхэн ажиллаж байсан бэ?

-Бид өмнө нь малынхаа сүү, цагаан идээг борлуулах, хааяа иргэдээс ирсэн захиалгатай дээл, хувцас оёж өрхийнхөө санхүүд хувь нэмэр оруулдаг байсан. Харин төслөөс дэмжлэг авснаар илүү их үр бүтээлтэй үйлдвэрлэл явуулах боломжтой болсон. Өрхийн санхүүгээ ч багагүй нэмж чадсан шүү. Өнөөдрийн байдлаар манай бүлгийнхэн үндэсний дээл, европ хувцсыг бүх насныханд зориулж хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, хэмжээгээр нь үйлдвэрлэж байна. Мөн захиалгын хувцаснаас гадна, хувцас засварын үйлчилгээ, оёдлын засварын үйлчилгээг ч үзүүлж байна. Ихэвчлэн хүүхдийн хувцсыг олон ширхэгээр үйлдвэрлэдэг. Энэ нь хүүхдийн хувцасны размерийн сонголт илүү олон төрөл, худалдан авах нь ч илүү байдаг. Харин насанд хүрэгчдийн европ хувцсыг яг биеэс нь хэмжээ авч захиалгаар оёж байна. Монгол дээлний загварыг өөрчилж, размер, өнгөний сонголттойгоор олон ширхгээр үйлдвэрлэдэг. Ер нь бид аль болох нэг материалыг бүрэн дүүрэн ашиглаж бүтээгдэхүүн болгохыг л зорьдог.





-Тийм ээ. Тухайлбал, нэг толгой даавуугаар нийт хэчнээн төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж авах. Үлдэгдэл өөдсийг нь зүйж даавуун тор, дэрний уут, нярай хүүхдийн баривч гээд материалын үлдэгдэл бүрийг ашиглаж, хэрэгцээтэй зүйл болгохыг л хичээдэг. Манай бүлэг тоног төхөөрөмжийн дэмжлэг авахаас гадна даавуу, материалын дэмжлэгийг төслөөс авсан. Тиймээс үнэ цэнтэй дэмжлэгийг илүү үр дүнтэй зарцуулж бүтээгдэхүүн болгох нь зүйтэй шүү дээ. “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг. Яг л үүн шиг оёдолчин хүн өөдөс бүрийг амилуулах нь түүний ур чадвараас л харагддаг. Сэтгэл, ураа шингээж оёсон бүтээгдэхүүн бүхэнд эзэн амархан олддог. Ер нь нэг малчин бүсгүй ганцаараа үйлдвэрлэл явуулах. Бүлгээрээ хоршоод, бүтээл бүр дээрээ ярилцаад, оёдлоо хийхэд үр дүн маш сайтай байдаг. Бүлгээрээ ажлаа хуваагаад, дараа нь нэгтгээд борлуулах нь цаг хугацаа хэмнэхээс гадна үр бүтээлтэй, үйлдвэрлэл маань илүү өргөжиж оёдлын цехийн өдөр тутмын орлого санхүү нэмэгддэг. Тиймээс малчин бүр бүлэг хоршоо болж, малаа маллангаа амьжиргаагаа тогтвортой, дээшлүүлэх боломжтой гэдгийг л манай цехийнхэн малчдад хэлдэг. Энэ ташрамд НҮБ-аас хэрэгжүүлсэн төслийн багийнхан болон сум, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олонд цехийнхээ малчин эмэгтэйчүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна.


-Танай бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Манайх чанартай түүхий эдээр, хийц ур сайтай, загвар дизайны онцлог ялгаатай, аль болох хөнгөн, дулаахан, чанартай, эдэлгээ урт бүтээгдэхүүнийг хүн бүрийн биеийн онцлогт тохируулж үйлдвэрлэхийг зорьдог, хичээдэг. НҮБ-ын төслийн дэмжлэгээр малчин эмэгтэйчүүд маань цуврал сургалтуудад суусан нь ч бидний үйлдвэрлэлд маш чухал нөлөө үзүүлсэн. Бид өмнө нь уламжлалт аргаар л дээл хувцсаа эсгэж оёдог байсан бол одоо европ монгол хувцасны загварыг эсгүүртээ яаж шингээж оёх талын техникийг мэддэг болоод, бизнесээ, үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Олон олон малчин эмэгтэйчүүд өөрийн орон нутагтаа хичээж ажиллаасай. Төсөл, хөтөлбөр бүхэн үр дүнтэй хэрэгжиж малчин бүр, иргэн бүр үр шимийг нь хүртээсэй гэж бодож байна.

Танд баярлалаа.  


Холбоотой мэдээ