“Ногоон Засгийн газар” санаачилгад нэгдэх хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-13 13:01:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ-ын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаа Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, “The Nature Conservancy” (TNC) зэрэг байгууллагаар дамжуулан хэрэгжиж байна. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай нутгийн менежмент, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих замаар ил тод, хариуцлагатай хэрэгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческитэй уулзах үеэр илэрхийллээ. Цаашлаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, мод тарих, хамгаалах чиглэлээр бодит ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэлээ.




Түүнээс гадна Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр санаачилга гаргаж, дархан цаазат газрыг хамгаалах үндэсний жишиг болон цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн саналыг Олон улсын байгаль хамгаалах сан (ICCF)-д тавьж, тус сангийн төлөөлөгчид болон Элчин сайд Ө.Батбаяр нар 4 дүгээр сарын 14-21-нд Монгол Улсад ажиллах үеэр бид төслийн талаар илүү нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дурдав.

Элчин сайд Майкл Клечески “Метаний эсрэг” уриалгад нэгдэх саналыг тавьж, дэлхийн улс орнуудын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг солилцох, байгаль орчинд ээлтэй хэмнэлтийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлдын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон Засгийн газар” санаачилгад нэгдэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж өгөхийг хүслээ.




БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, АНУ-тай Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, аялал жуулчлал, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаас гадна харилцан сурталчилгаа хийх, өдөрлөг зохион байгуулах саналт гаргав. Энэ оны 12 дугаарын сарын 1-31-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж буй танилцуулга өдөрлөгт оролцох урилгыг албан ёсоор хүргүүллээ. Уулзалтад, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов.

Холбоотой мэдээ