БНХАУ, Монгол Улсын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-04-08 10:29:57

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар пүрэв гарагт утсаар ярилаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад айлчилсныг Ван И дурдаад, Хятадын дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянь нар түүнтэй уулзах үеэрээ чухал зөвшилцөлд хүрч, хоёр орны харилцааны хөгжилд шинэ түлхэц өгснийг онцлов.


Олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй болох тусам Хятад, Монгол Улс ойр дотно хөрш орнуудын хувьд харилцаа холбоо, харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэйг тэрбээр нэмж хэлжээ.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, Монголын тал хоёр орны удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, янз бүрийн түвшинд нягт харилцаа холбоогоо хадгалж, олон салбарт харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.


Тэрбээр, Монголын тал боомтын ашиглалтын хүчин чадал, тээвэрлэлтийг сайжруулах, Украины хямрал болон “COVID-19” цар тахлын улмаас үүссэн сөрөг нөлөөллийг үр дүнтэй даван туулахын тулд Монгол-Хятадын “ногоон гарц”-ыг бүрэн ашиглах нөхцөл бүрдүүлэх хүсэлтэй байгааг мөн илэрхийлжээ.


Ван Игийн хувьд Хятад, Монгол сайн хөрш, нөхрийн хувьд хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулсаар ирснийг онцлоод, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээн хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгааг хэлсэн байна.


Саяхан Хятад, Монголын “ногоон гарц” дахин нээгдэж, төмөр замын тээвэр, авто замын ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэлт, эрчим хүч, уул уурхайн худалдаа зэрэгт нааштай ахиц дэвшил гарч байна гэж тэрбээр хэлжээ.


Мөн Хятад улс Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, Хятад, Монголын төмөр замын шугамыг холбох чиглэлд Монголын талтай хамтран ажиллана гэв. Түүнчлэн Монгол Улсыг цар тахалтай тэмцэхэд шаардлагатай хэрэгслээр үргэлжлүүлэн хангаж, цар тахлыг хяналтад авах, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг дэмжиж, боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангана гэж хэлсэн байна.


Талууд мөн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалж, гадны хөндлөнгийн оролцооноос зайлсхийж, хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахын тулд харилцан бие биеэ тууштай дэмжиж ажиллахаар тохиролцжээ.


Б.Батцэцэг Монгол Улс Хятадын анхаарал хандуулдаг гол асуудлуудыг хүндэтгэж, шашны асуудлуудыг урьдын адил бие дааж шийдвэрлэх болно гэж хэлсэн байна.


Гадаад хэргийн сайд нар мөн олон талт асуудлаар санал солилцов. Б.Батцэцэг Хятад улс “COVID-19” цар тахалтай хийж буй тэмцэл, Украины хямралын асуудалд их гүрний хариуцлагатай орны хувиар хандаж байгааг өндрөөр үнэлээд, энхийн хэлэлцээг ахиулах, санал зөрөлдөөнийг зохицуулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Хятадын үүрэг амлалтыг сайшаалаа.


Ван Игийн хувьд Украины хямрал бүх орны эдийн засаг, нийгмийн байдалд нөлөөлж байгааг тодотгоод, Азийн орнууд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтран хамгаалахын тулд харилцаа, уялдаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй хэмээн хэлсэн байна. Талууд Монголын талын хүсэлтээр утсаар ярьжээ. 

Холбоотой мэдээ