Монголын оюутны спортын наадмын таеквондогийн тэмцээний аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-08 11:15:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадам таеквондогийн тэмцээн 2022 оны 4 дүгээр сарын 5-6-нд  явагдаж шилдгүүдээ тодруулав.


Тэмцээн Мон-Алтиус дээд сургуулийн биеийн тамирын зааланд явагдаж 13 их, дээд сургуулийн, 160 оюутан тамирчин ур чадвараа сорилоо. Мөн албаны төлөөлөгчид, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагчид нар оролцлоо.


Ташрамд дуулгахад, тус наадам нийт 10 спортын төрлөөр болж байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойшлогдож байгаад 1 жил 5 сарын дараа ийнхүү энэ сард үргэлжлэн явагдаж байна.


Таеквондогийн тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр 5 жинд хүчээ сорин багийн дүнгээр 1 дүгээр байрт 28 оноогоор ИЗОУИС, 2 дугаар байрт 23 оноо Мон-Алтиус БТДС орсон бол 3 дугаар байрыг 21 оноогоор МУИС-ийн баг тамирчид эзлэв.


Эмэгтэйчүүдээс 46 кг-д Ж.Энхгэрэл (МУИС), 49 кг-д Т.Ганболор (ИЗОУИС) 57 кг-д Б.Сарнай (РОЯЛ ОУИС), -67 кг-д Б.Анхбаяр (ИЗОУИС), +67 кг-д Б.Дөлгөөнтуяа (ИЗОУИС) нар аваргаар шалгарлаа. Харин эрэгтэйчүүдээс 54 кг-д Ё.Пүрэвдаш (МОН-АЛТИУС БТДС), 58 кг-д Б.Соёл-Эрдэнэ (МОН-АЛТИУС БТДС), 68 кг-д Д.Чинзориг (ҮБТДС), -80 кг-д Ө.Болор-Эрдэнэ (ДХИС), +80 кг-д Э.Ганзориг (МУИС) нар алтан медалийн эзэд боллоо.


Тэмцээний “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Б.Соёл-Эрдэнэ (Мон-Алтиус БТДС), “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Т.Ганболор (ИЗОУИС), “Шилдэг шүүгч”-ээр О.Энхбилгүүн (ҮБХИС), “Шилдэг дасгалжуулагч”- аар Б.Мөнхсайхан (ИЗОУИС) нар тус тус шалгарсан байна.


Энэхүү тэмцээний аваргуудыг 2022 оны 6 дугаар сарын 26-нд БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн оюутны Универсиад наадамд сонгон оролцуулах юм.

Холбоотой мэдээ