Ханш нээх өдөр 300 гаруй хүн сүүн цацал өргөжээ

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-04-05 18:17:58

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт ханш нээх буюу хамаг бүхэн дэлгэрэх билигт сайн өдөр Улиастай хотын Жавхлант толгойн оройд цацал өргөх үйл явдал болжээ.

Тус үйл ажиллагаанд 300 гаруй иргэн оролцож, сүүн цацлыг хамаг амьтны тусын тулд хангай дэлхийдээ өргөлөө. Ханш нээх өдөр гэдэг нь газрын хийн судал, хүний хийн судалтай нэвт нэгддэг гайхам өдөр юм. Дэлхий ээжийн бүх суваг хүний биеийн сувгууд нээгдэж дархлааны тунгалгийн шингэн дээд цэгтээ хүрдэг. Тиймийн учир энэ тунгалгийг эерэг даавраар тэтгэхийн тулд сайн үйлийг үйлдэх, уучлан нигүүлсэж, хайрлан энэрэх, тэтгэх, түмэн амьтан хооллох зэрэг эерэг үйл үйлдэх нь чухал юм. Цацалд оролцсон бүхэн мөнх хөх тэнгэр, алтан нар, алиман сар, их төрийн сүлд, өвөг дээдэс, үр хойчис зэрэг 29 зүйлд цацлаа өргөн, даян дэлхий энх амгалан байж түмэн ард амгалан жаргалтай орших. Хөх толбот Монгол түмэн сэргэн мандаж, хур усан цагтаа бууж дэлгэр сайхан зун болохыг бэлгэдэн хурайлж ерөөл оршоолоо. Нэгдсэн газрыг бурхан ивээдэг гэдэг. Нэгдэлд оролцсон бүхэн дүүрэн жаргалтай оршиг ээ. Цаашид ханш нээх өдөр бүр нэгдэж байх болно. Удахгүй аймгийнхаа 24 суманд цацал өргөх үйлийг зохион байгуулна гэж зохион байгуулагчид мэдээлэв. 







Холбоотой мэдээ