БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-05 14:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойг тохиолдуулан “БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жилүзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

 

Монгол Улс, БНАСАУ түүх, соёлын өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. БНАСАУ 1948 оны 9 дүгээр сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны 10 дугаар сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоожээ. Ийнхүү Монгол Улс, БНАСАУ тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс болсон юм.

 

1950-1953 онд болсон Солонгосын дайны хүнд жилүүдэд хоёр орон 1951 онд хоёр талдаа Элчин сайдын яамдаа байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Солонгосын дайны үеэр Монголын ард түмэн Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлж, их хэмжээний эд материалын болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж, 200 өнчин хүүхдийг нутагтаа авчирч, асран хүмүүжүүлж, дайны дараах сэргээн босголтын үед ч байгалийн гамшиг тохиолдсон үед ч харилцан тусалж байсныг өнөө хүртэл хоёр орны ард түмэнд үе дамжин дурсагдаж байна.

 

Ийнхүү 74 жилийн хугацаанд хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байгаа билээ. Эдүгээ хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцаагаа дэлхий дахинд болон олон улсын байдал, нийгэм эдийн засгийн байгуулалд гарсан өөрчлөлттэй уялдуулан, хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх зарчмыг баримтлан амжилттай ажиллаж байгааг албаныхан хэлж байна.

 

Үзэсгэлэнг нээж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо хэлэхдээ, “БНАСАУ-ын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сен ард түмнийг өөрсдийн хувь заяаны эзэн гэсэн жүче үзэл санааны тугийг өндрөөр мандуулж тусгаар тогтносон улс төрийн бодлого, бие даасан эдийн засаг, өөрөө өөрийгөө хамгаалах бүрэн хүчин чадалтай социалист улсын бүтээн байгуулалтад томоохон гавьяаг байгуулсан билээ. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун, Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын үйл хэргийг залгамжлан хэрэгжүүлэхийн төлөө өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай хувьсгалыг мэргэн удирдаж ирсэн бөгөөд Монгол Улстай уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд ч онцгой анхаарлаа хандуулж байгааг онцлон тэмдэглэе. Монголын өмнөх үе үеийн удирдагч нартай хамт ах дүүгийн найрамдлын бат бэх үндэс суурийг тавьж Монгол Улсад 2 удаа биечлэн айлчилснаар хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ким Ир Сен даргын гавьяа нь хоёр орны ард түмний зүрхэнд мөнх амьдарч байна.

Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагаа цаашид ч Монголын анд нөхөд, Солонгосын ард түмний хамтарсан хүчин чармайлтын улмаас улам бэхжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулгаас 70 гаруй үзмэр, Монголын малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу сан”-д хадгалагдаж буй гэрэл зураг, хувь хүмүүст буй эд өлөг нийт 100 гаруй түүхэн үзмэрийг дэлгэн толилуулж байна.

 

Уг үзэсгэлэнгээс Ким Ир Сений амьдрал, гавьяаны тухай гэрэл зургууд, Монголын дарга нар, ард түмэнд бэлэглэсэн дурсгал, хоёр улсын байгууллагууд, хувь хүмүүсийн хооронд солилцсон баярын тугнууд, захидал, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулснаар хүртэж авсан цол, медаль, шагнал гэх мэт түүхэн үзмэрүүдийг үзэх боломжтой.

 

Тухайлбал, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сенээс БНМАУ-ын Ерөнхий сайд Ж.Батмөнхөд дурсгасан зааны соёо, “Ким Ир Сений төрсөн нутаг” уран хатгамал, БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсанд дурсгасан хүн орхоодойн үндэс, үнсний сав, БНМАУ-ын Ардын их хурлын дарга Ж.Самбууд дурсгасан шатар, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндэд дурсгасан винтов буу, модон хайрцаг, БНСАУ-аас ирсэн хүүхдүүдийг хүмүүжүүлэх газрын ахлах тогооч О.Цэрмаад дурсгасан цайны хэрэгсэл зэрэг үзмэрийг толилуулж байна.

 

Монголын Үндэсний музей, Монголын малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуугийн сан, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Жүче судлалын төв хамтран зохион байгуулж буй тусгай үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл олны хүртээл болно.  












Холбоотой мэдээ