"Хашаандаа сайхан амьдаръя" хэлэлцүүлгээр шийдэл ярив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-03 22:57:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, мэргэжлийн байгууллагуудаас хамтран Сайнцагаан суманд “Хашаандаа сайхан амьдарья” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Амьдрах орчноо сайжруулах нь өөрөөс эхэлдэг гэдгийг ойлгуулж, сэдэлжүүлэх зорилготой энэхүү хэлэлцүүлгийг өрнүүлснээр Мандалговь хотын өнгө үзэмжийг сайжруулж, хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ байгаа юм. 2022 онд Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байгаа. Тиймээс энэхүү хэлэлцүүлгээр иргэдэд мэдээлэл өгч, цаашид амьдрах орчноо сайжруулахад иргэд хэрхэн оролцож, хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлжээ.

Энэ үеэр "Ургамлын далай" ХХК-ийн захирал, “Хашаандаа сайхан амьдаръя” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Түмэнбаяр, Өөрийн байшин төслийг санаачлагч, архитектор Ч.Батцэнгэл “Эко хаусыг хэрхэн барих вэ?, Барилгын эрчим хүчний төвийн захирал, ШУТИС-ийн доктор Б.Мөнхбаяр “Халаалт, дулаалгын шийдлүүд”,  Японы Үцүномияа улсын их сургуулийн төгсөгч, технологи хөгжүүлэгч С.Ган-Од “Жорлонгийн шийдлүүд” сэдвээр иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг өгч, иргэд аймгийн удирдлагууд, мэдээлэл өгсөн албаны хүмүүсээс сонирхсон асуултаа асууж, хариулт авчээ.

Хашаандаа сайхан амьдрахын тулд нэгдүгээрт хашаагаа зөв төлөвлөх, хоёрдугаарт эко байшин барих, гуравдугаарт  хатуу материал ашиглаж  хашаагаа тохижуулах, дөрөвт ногоон байгууламж байгуулах, тавдугаарт орлоготой хашаа буюу аж ахуй эрхлэх, зургаад хөршийн холбоо байгуулж хамтран ажиллах гэсэн 6 дарааллаар хашаандаа сайхан амьдарна гэдгийг тус төслийг санаачлагч Ц.Түмэнбаяр дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн энэ үеэр Сайнцагаан сумын Хот тохижуулах газрын дарга Д.Очбадрах “Мандалговьдоо сайхан амьдаръя” төслийн танилцуулгыг хийв.

Мандалговь хотод 4235 өрх байгаагийн 3000 өрх нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын нийт өрхүүдийн 4,1 хувь нь хашаандаа ногоон байгууламжийн асуудлаа шийдсэн. Дээрх өрхүүдийн хашаанд байгаа 2800 гаруй нүхэн жорлонгийн дөнгөж 0,8 хувь нь эко. Тус хотын хувьд хог хаягдлыг ангилдаггүй. Жилд дунджаар 70,0 мянган тн хог хаягдал гардаг бөгөөд энэ нь байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр хаягдлыг зөөж тээвэрлэх, булахад жилдээ 1,0 тэрбум орчим төгрөгийн зардал гардгийг Хот тохижуулах газрын дарга төсөлдөө танилцууллаа.  

Тиймээс 2022 оны 4 дүгээр сарын 4-нөөс 7 дугаар сарын 20-ны хооронд “Мандалговьдоо сайхан амьдарья” төслийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд Шилдэг тохижилттой байр, Шилдэг тохижилттой орц, Шилдэг тохижилттой гудамж, Шилдэг тохижилттой өрх, Шилдэг тохижилттой сууц шалгаруулах аян зарлаж, иргэд хэрхэн оролцох тухай мэдээлэл өгсөн юм. 

Холбоотой мэдээ