Сэлэнгийнхэн ховор болон нэн ховор модоор ойжуулалт хийсэн нь олон улсад сайн жишээ болжээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-03-30 16:42:27

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ойн салбарынхан болон албан байгууллага, ААН, иргэд хамтран хөлс хүчээ зориулан хийсэн ойжуулалтын ажил Олон улсад сайн жишээ болон сайшаагджээ. Энэхүү олон улсад ойжуулалтын ажлаараа сайн жишээ болон нэрээ дуурсгасан ажил бол улаан номонд орсон нэн ховор жодоо модоор ойжуулалт хийсэн, мөн алдарт Тужийн нарсаа сэргээсэн үйл явдлууд юм. Энэ талаар Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа ийн бахархан ярилаа. Тэрээр:

-Сэлэнгэ аймаг хушин ойгоо ойжуулсан, мөн нэн ховор болон ховордсон модыг тарьж, ургуулсан гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа Сэлэнгэ аймаг ховор төрлийн модоо тарьж эхэлсэн ганц аймаг болж байгаа юм. Бид зүгээр нэг тариагүй. Яаж үрээр нь тарих уу, ойд яаж шилжүүлэх вэ гээд нарийн ажиллагааг бүгдийг нь хийж гүйцэтгэсэн. Тухайлбал бүр бортготой нь ойд шилжүүлсэн тарьсан байгаа. Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга өөрийн биеэр ирж, бидний тарьсан жодоо, хус модыг тарьж, ойжуулалт хийсэн талбай дээр очиж үзээд маш сайхан ургаж байгаатай танилцсан. Ингэж сайн ургах шалтгаан нь ерөөсөө Бугантын газар нутгаас үрээ түүгээд тэнд нь буцаагаад тарьсан явдал юм. Тэр Бугантаас авсан үр маш сайн ургадаг болох нь тогтоогдсон. Дээр нь Бугантад хуш мод бий. Бид самрыг маш их хэмжээгээр түүдэг. Гэсэн ч модыг нь тарьж ургуулж байгаагүй. Хүмүүс хэдэн мянган кг-аар нь манай аймгаас түүгээд явдаг. Хэдийгээр тухайн орон нутгийн төсөвт 5 тэрбум төгрөг орлоо гэдэг боловч буцаагаад ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн ААН ер нь байдаггүй. Бид үүн дээр 2018 онд дүгнэлт хийсэн. Тэгээд “Бугант” группын “Сэлэнгэ Бугант” гэдэг компани 10 га газарт зөвхөн хушаар ойжуулалт хийсэн. Эднийх хушаа авч ашигладаггүй газар. Гэхдээ мод бэлтгэдэг байгууллага. Өөрсдийнхөө байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлынхаа зардлаар, мэргэжлийн боловсон хүчиндээ тулгуурлаад үүнийг хийсэн. Тэр ойдоо маш сайхан ургаж байгаа. Бид бусад аймгуудаас түрүүлээд ямарч байсан алхмуудаа хийсэн. Энэ жилийн хувьд ховор болон нэн ховор  моднуудынхаа талбайг нь тусгаарлаад үрээ түүх газруудаа авах гэж байна. Үрээ хаанаас түүх вэ гэхгүйгээр тодорхой хэмжээний талбайгаа тусгаарлаад тэндээсээ сор элит моднуудаа сонгоод үрээ түүнэ. Тэрийгээ мод үржүүлгийн газраа аваачиж тариад тэр модоо ууландаа буцааж тарих ийм ажлуудыг хийхээр эхлэлийг нь тавьсан. Нэн ховор болон ховор модонд хуш, жодоо, гацуур ордог. Үүний зэрэгцээ нарс, шинэсээ ч тарьж байгаа.  

-Сэлэнгийн ойн салбарынхан маш туршлагажжээ гэдгийг хийсэн ажил тань нотолж байна. Тэгэхээр Сэлэнгэ аймаг “тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд түүчээлэн хөдлөх нь аргагүй мэт санагдлаа?

-Ёстой үнэн. Энэ бол аргагүй түүчээлэх ёстой ажил. Ер нь хэлэхэд 5 төрлийн шилмүүст мод ганцхан Сэлэнгэ аймагт ургадаг. Тэр утгаараа бид бүгдийг нь тарих ёстой. Түүгээрээ ойжуулалт хийсэн байх ёстой. Энэ дээр ч манай аймаг эхлэлийг нь тавьж чадсан.

Чехийн Олон улсын их дээд сургуулиудын консерциум гэдэг судлаачдын баг байдаг. Тэд нар манай аймгт  ирж, манай ойжуулалтын ажлыг газар дээр нь үзэж судалгаа хийсэн. Жодоогоор ойжуулалт хийсэн юм байна гэж маш өндөр үнэлгээ өгсөн. Энэ бол нэн ховор гэдгээрээ улаан номонд орсон мод шүү дээ. Дээр нь бид “Тужийн нарс”-ны нөхөн сэргээлтээрээ төв Азийн хэмжээнд сайн жишээ болсон. Тэр дотроо манай монгол орон тужийн нарсаа нөхөн сэргээж, хомсдол доройтолд орсон, түймэрт шатсан асар их ойгоо ойжуулж чадсан үзүүлэлтээрээ орсон байгаа. Энэ маань хэдийгээр Монгол Улс гэж олон улсад яригдаж байгаа ч цаана нь Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын, сэлэнгийн ойчдын асар их зүтгэл, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн. Үүнд би маш их баяртай байгаа. Тэр нутагт нь МУИС-ийн доктор, профессор С.Гэрэлбаатар очиж итгэл тавиад ирсэн. Энэ эрдэмтэн маш олон газар очиж туршлагаа ярьж, илтгэлээ тавиад ирсэн байгаа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.   

Холбоотой мэдээ