“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Дархан-2032” зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-29 19:46:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсанТэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Дарханчууд нэгдэн 2032 он хүртэл төр, иргэн, ААНБ-ын хамтын ажиллагааны хүрээнд 1521.81 га талбайд 20 сая мод тарих зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр “Ногоон Дархан-2032” зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Сум дундын ойн анги, ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургууль, Найрамдал төсөл хамтран зохион байгууллаа. Өнөөдрийн зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, бордоо үйлдвэрлэгч “Био ундарга” ХХК, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААНБ-ууд оролцсон юм.

Зөвлөгөөнийг аймгийн засаг дарга Б.Азжаргал нээж ирэх арван жилийн хугацаанд хорин сая модыг хэрхэн тарих, цаашид байгаль экологийн чиглэлээр ямар бодлого баримтлах талаар товч мэдээлэл өглөө.

“Ногоон Дархан-2032” зөвлөгөөнөөр иргэд ААНБ-ууд хэрхэн мод тарих, газар нутгийн хэмжээ бага хэдий ч хотын ногоон байгууламж, ойн сан нэмэгдүүлэхэд ямар бодлого баримталж буй талаар зохион байгуулагчдаас болон мэргэжлийн байгууллагууд илтгэлээр дамжуулсан хүргэсэн.



Тодруулбал “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн онцлогт уялдуулан хэрэгжүүлэхэд урт, богино хугацааны мэргэшүүлэх сургалтаар хүний нөөцийг чадавхжуулах, технологийн ололт дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлын шинжлэх ухааны үр дүнг тодорхойлоход сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог ханган ажиллах ёстой гэж ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Одончимэг онцолж байлаа.

Мөн иргэд тухайлан заасан байршилд зүлэг, мод тарьж ургуулж арчилсан тохиолдолд 1м2 талбайд төрөөс таван мянган төгрөгийн урамшуулал олгох, цэцэрлэг, сургуулийн хүүхэд бүр хичээлийн жилийн турш гэртээ 3-5 модны үрсэлгээ хийж өөрсдөө арчлан дараа жилийн хавар заасан талбайд суулгаж ургуулах ажлыг хэвшүүлэх, “Боловсрол ногоон төгөл”-ийг үргэлжлүүлэн 2000м2 талбайд төгсөгчдийн төгөл байгуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл "Ногоон их сургууль-Нарст төв" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургууль зорилтуудаа тодорхойлжээ. Хөтөлбөрийн хүрээнд судалгаа үйлдвэрлэл, сургалт сурталчилгаа чиглэлээр доройтож хомсдолд орсон ойг нөхөн сэргээх, зөвлөмж өгөх, тарьц суулгацаар хангах, ойн мэргэжлийн хөтөлбөрт шинэчлэл хийж ойн мэргэжилтэн, ажилтан, сургагч багш, ажилчин бэлтгэх зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэн ажиллах замаар 2030 он гэхэд “Нарст төв” нь Монгол орны ойн аж ахуйн тэргүүлэх сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн төв болно гэж тооцоолсон аж.

Эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн жимс, жимсгэний үржүүлгийн эх цэцэрлэгийн талбайг нэмэгдүүлж, гарал үүсэл нь тодорхой суулгацыг шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэх, үржүүлгийн төв байгуулах. Мод бут тариалах иргэд, аж ахуйн нэгжүүдэд тариалах, арчилгаа хийх зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах. Өөрийн орны хөрс, цаг уурын онцлогт тохирсон ган, хүйтэн, өвчин хортонд тэсвэртэй цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжид тохиромжтой мод бутны суулгацыг үржүүлж, стандартын суулгацын хангамжийг нэмэгдүүлэхэд УГТХ-ийн захирал, доктор, дэд профессер Б.Баярсүх хамтарч ажиллана гэдгийг онцолж байлаа.

Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, Европын холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Найрамдал” төслийг 2025 он хүртэл 3 жилийн хугацаанд 3 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд уур, амьсгалын өөрчлөлтөд хүний буруутай үйл ажиллагааны нөлөөг бууруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр, үйл ажиллагааны зорилтод нийцүүлэн “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг НҮБ-ын “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” хөтөлбөр болон бусад эх үүсвэрээс босгох боломжуудыг чухалчилж байна гэж “Найрамдал” төслийн удирдагч П.Энх-Амгалан онцолж байлаа.

Зөвлөгөөний төгсөлд нээлттэй хэлэлцүүлэг, асуулт хариултыг өрнүүлж зөвлөмж гаргасан. Тус зөвлөмж нь үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлт,  Технологи, инновац, Хүний нөөц, сургалт, сурталчилгаа, санхүүжилт, эдийн засгийн бодлого гэсэн таван үндсэн хэсэгтэй аж.

Өнөөдрийн зөвлөгөөнд салбар салбарын 400 гаруй төлөөлөл оролцож үндсэн 13 илтгэл хэлэлцүүлэгдэж, 16 хүн санал, хүсэлтээ илэрхийлж асуултандаа холбогдох албаныхнаас хариулт авсан юм.

 

Холбоотой мэдээ