АХБ-ны зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-23 16:52:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. 


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Э.Мэндсайхан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудал УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэгдэж, Засгийн газрын хуралдаанаар дахин оруулах санал гарсан тул хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах хүсэлт гаргав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогод мал ажуйг хөгжүүлэх зорилт тавьсан хэдий ч уг төслийн зорилго, чиглэл, тооцоо, нэр томьёоллыг Засгийн газрын хуралдаан дээр дахин нягтлах санал хэлж байв. Гишүүд аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдийн засагт үр өгөөжтэй байх зарчмыг хэлж байв. Ийнхүү зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хойшлуулахыг дэмжив.


Төслийн тухай


Архангай, Баянхонгор, Булган болон Өвөрхангай аймгийн хил залгаа 20 сумдад хэрэгжих уг төсөл нь нийт 34.5 сая ам.доллар /Үүнээс Азийн хөгжлийн банк (АХБ)-ны зээлийн санхүүжилт 30.0 сая ам.доллар/ төсөвт өртөгтэй бөгөөд төсвийн хүрээнд (1) 11,660 малчдыг хамарсан 466 бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 466 малчдын бүлгийг бий болгосноор бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжруулах; (2) малчдад зориулан 14,000 малын хашаа хороог сайжруулах; (3) 382 шинэ усны худаг барих, сэргээн засварлах, 466 ус ашиглах гэрээг байгуулж малын ундны усны хүртээмжийг сайжруулах; (4) 466 малчдын бүлэгт зориулан 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах; (5) 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулах ажил тусгагдсан аж.


Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал байсан боловч хэлэлцэхийг мөн хойшлуулсан юм.

Холбоотой мэдээ