Бэлчээрийн гэрээ нь бэлчээрийн эмх замбараагүй ашиглалтаас сэргийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-23 15:46:08

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 440 цэгт бэлчээрийн мониторингийн судалгаа хийж, түүнийгээ үндэслээд бэлчээрийн даацын үнэлгээг гаргаж байна.

Аймгийн хэмжээнд 183 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй, үүний 155 нь бэлчээрийн гэрээ байгуулж, 109 нь Монгол Улсын Газрын нэгдмэл сан буюу LM системд бүртгэгдсэн байна. Бэлчээрийн мониторинг хийснээр тухайн жилийн бэлчээрийн даацад малын тоог тохируулах, сүргийн менежментийн төлөвлөгөө гаргах. Гэрээт бэлчээрийн төлөв байдлыг хянах, түүхий эдийн гарал үүслийг мөшгих тогтолцооны суурь мэдээлэлд оруулах зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байна. Түүнчлэн малчид бэлчээрийн даацдаа тохируулж малаа өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах. Бэлчээрээ сэлгэснээр бэлчээрийн доройтлоос хамгаалах, бэлчээр нөхөн сэргээгдэх, бэлчээрийн эмх замбараагүй ашиглалтаас сэргийлнэ гэх зэргээр маш олон давуу талтай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Ташрамд тус аймгийн нийт нутгийн 83.9 хувийг бэлчээр, 0.1 хувийг хадлангийн талбай, 0.02 хувийг тариалангийн талбай, 5.6 хувийг ойн талбай эзэлдэг аж.

Бэлчээрийн судалгааг хийх нь мал аж ахуйн салбарт чухал

Завхан аймаг байгалийн гурван бүсэд хамаардаг цөөхөн аймгийн нэг юм.

Тодруулбал, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл зэрэг зүүн ба хойд хэсгийн 14 сум Өндөр уулын бүсэд, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Сантмаргац, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Завханмандал гэсэн 7 сум Их нуурын хотгор ба Говийн Алтайн бүсэд хамаардаг. Харин Ургамал, Дөрвөлжин сум говийн бүсэд орно. Завхан аймгийн байгалийн бэлчээр нь 8330627.25 га, үүнээс мал сүргийг хэрэгцээт тэжээлээр хангах тохиромжтой 6960989.34 га буюу 83.56 хувь, бэлчээр нутаг 51 хувь байна.

Харин бэлчээрт ашиглах боломжгүй мөнх цас, хад, цохио, асга бүхий 1369637.91 га буюу 16.44 хувь талбай байна.

Монгол орны бэлчээр хадлангийн ангилгааны дагуу нийт 244 төрлийн бэлчээр байдгаас Завхан аймагт 180 төрлийн бэлчээрт 70 овог, 350 төрлийн 1200 гаруй зүйл ургамал ургадаг. Байгалийн бүс бүслүүрийн хуваарилалт, газрын рельеф, экологийн нөхцөлийг харгалзан үндсэн 9 бүлэгт хувааж үздэг. Өндөр уулын бэлчээр, дундаж өндөр болон нам уулын хээрийн бэлчээр, өндөр уулын хоорондох нуга хөндийн бэлчээр. Мөн нам уул хоорондох нуга хөндийн бэлчээр, тал хээрийн бэлчээр, цөлжүү хээрийн бэлчээр, говь цөлийн элсний бэлчээр, бүс дундын голын хөндий, нам хотосын нугын бэлчээр, бэлчээрт тохиромжгүй газар гэх мэтчилэн хувааж үздэг.

Тухайлбал, өндөр уулын бэлчээр нь сарлаг, хайнаг, үхрийн тохиромжтой бэлчээрийн нутаг бөгөөд мөн бог мал, адууг бэлчээх боломжтой. Энэ бэлчээрт зун, намрын улиралд сарлаг үхэрт нэн тохиромжтой. Аймгийн нийт бэлчээрийн 33.69 хувийг эзэлж буй өндөр уулын бэлчээр Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Алдархаан, Отгон суманд байна. Харин өвөл, хаврын улиралд сарлаг үхэрт нэн тохиромжтой буюу нийт бэлчээрийн 21.03 хувийг эзэлж буй бэлчээртэй нутаг Баянтэс, Асгат, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Номгон, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Алдархаан, Отгон суманд байна. Энэ мэтчилэн бэлчээр нутгийн онцлог, бэлчээрийн мониторинг судалгааг хийх нь мал аж ахуйн салбарт маш чухал юм гэж аймгийн ГХБХБГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ