Ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээлийн шаардлагыг арилжааны банк тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-23 09:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн аймгийн малчид одоогоор ямаагаа самнаж, ноолуураа борлуулаад эхэлсэн. Зарим худалдан авагч, малчдын хооронд нэг кг ноолуурыг 120-150 мянган төгрөгөөр борлуулсан гэх мэдээлэл байгаа.


ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос ноолуурын бэлтгэл хангамж, хөнгөлөлттэй зээлийн талаар тодруулсныг ХХААХҮЯ мэдээлжээ.


-Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж 400 тэрбумын зээл олгохоор шийдсэн. Зээлд хэн хамрагдах боломжтой вэ. Ямар шаардлага хангах ёстой вэ?

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бол стратегийн гол бүтээгдэхүүн. Ноолуур бэлтгэлд 150, ноос бэлтгэлд 25, арьс, шир бэлтгэл үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгохоор шийдсэн. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчид зээлд хамрагдана. Ноолуурын зээлд 2021 онд гэхэд самнахаас дээш шат дамжлагатай үйлдвэрүүд хамрагдсан. Яг энэ хэлбэрээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно. ХХААХҮЯ-наас энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн нэрсийг арилжааны банкуудад хүргэнэ. Тухайн жагсаалтад байгаа аж ахуйн нэгж банканд зээлийн хүсэлтээ гаргаснаар зээл эзэддээ хүрэх юм. Зээлийн эх үүсвэр нь арилжааны банкнаас учир эрсдэлээ тооцож, ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээлийн шаардлагыг арилжааны банк тавина.


-Зээлийн зорилго нь салбарын экспортыг дэмжихэд чиглэж байгаа болов уу?

Мэдээж. Одоогоор дотооддоо нийт түүхий эдийнхээ 20 гаруй хувийг гүн боловсруулж, 80 орчим хувийг нь анхан шатанд боловсруулан экспортолж байна. Өнгөрсөн онд ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд нь дэмжиж 95 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Энэ онд дээрх зээлийг үргэлжлүүлэх Засгийн газрын тогтоолыг баталж, гүн боловсруулалтын түвшинг ахиулах бодлогын хүрээнд үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Зээлд ноолуурын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд хамрагдах боломжтой. Ингэснээр түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бий болгох, экспортыг нэмэх юм. Мөн гадна талдаа экспортыг тогтвортой байлгах, ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэл бий болгоно.



-Нэг кг ноолуурын үнэ цаашид өсөх, буурах, тогтвортой байх уу гэдгийг малчид болоод, үйлдвэрлэгчид нэлээд сонирхох юм. Үүнд хариулт өгнө үү?

Ноолуурын үнийг ХХААХҮЯ-наас тогтоож, барьж, хянадаггүй, зах зээлийнхээ зарчмаар тогтдог. Бид дам утгаараа үнийг тогтвортой байлгахад, үндэсний үйлдвэрлэгчээ түүхий эдээр таслахгүй байхад бодлогоор дэмждэг. Дэмжлэг бодит болж 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас гаргахаар шийдлээ.   


-Хөдөө аж ахуйн салбарын экспортын гол түүхий эд нь ноолуур. Гэвч гадны томоохон тоглогчдод боловсруулалтын болон бэлтгэн нийлүүлэлтийн шатны технологи нь гологддог. Монгол ноолуурыг брэнд болгох, боловсруулалт, бэлтгэн нийлүүлэх шатны технологийг сайжруулахад ямар ажил хийж байна вэ?

Ноолуурын экспортын тухайд гадны томоохон  тоглогчид гарал үүсэл нь тодорхой, малын тавлаг байдлыг хангасан эсэх, бэлчээр ашиглалт нь ямар байв, ямаагаа самнахдаа малын тавлаг байдлыг хангасан уу зэрэг шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагыг тусгасан хариуцлагатай нүүдэлчин” гэх стандарт баталсан. Энэ шаардлага, стандартыг мөрдөж мөшгих системийг Швейцарын хөгжлийн агентлагаас ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн. Энэ нь гадны томоохон худалдан авагчдад манай ноолуурын гарал үүсэл, таваарлаг байдлын талаар мэдээлэл өгөх ач холбогдолтой.


-Ноолуурын салбарт “Хаан ширхэгт” брэнд хөгжүүлэлт хийж байгаа. Энэ брэнд гадныхны манайд тавьдаг стандартад нийцдэг биз дээ? 

Үйлдвэрлэлийн салбарт гэвэл, нэхмэлийн үйлдвэрлэгчдийн тогтвортой байдлыг хангах үүднээс үйлдвэрлэлийн стандарт батлуулсан. Энэ стандартын үзэл санаа нь ногоон үйлдвэрлэлийг дэмжих юм. Байгаль орчинд ээлтэй, цахилгаан, усны хэмнэлттэй технологи ашиглах зэрэг шаардлага тавьдаг болсон. Энэ стандартыг батлуулаад, хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, хольцгүй, цэвэр ноолуур гэдгийг батлахаар “Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж байна. Монголын ноос ноолуурын холбооны дэргэд үүний баталгаажуулалтыг хийдэг.


Энэ бүх тогтолцоог бэхжүүлснээрээ ноолуурын түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, дэлхийн ноолуурын зах зээлд тоглогч болох зорилгодоо ойртож байгаа юм.

Холбоотой мэдээ