“Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хорооны хурлаар “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай, Дүрмийн нэмэлт өөрчлөлт батлах тухай хэлэлцэж, санал солилцов.
Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж
бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих 2
төслийг хэрэгжүүлнэ. Энэ төсөл,
хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй “Улаанбаатар
хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулахаар төлөвлөж байгааг нийслэлийн Засаг даргын Төсөл,
хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцууллаа. Тус компанийг дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд
нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх,
төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор байгуулах аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүд
Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт ХХК-ийн эрх үүргийг тодорхой болгох,
компанийн дүрэм боловсруулахад анхаарах санал гаргав. Улмаар дээрх асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар
хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдааны үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн
бодлогын хэрэгжилтийн тайлан мэдээллийг сонсож, тэмдэглэлээр үүрэг өгснийг нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ мэдээлжээ.