Найман аюулаас гэтэлгэгч Жанрайсиг бурхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-17 14:59:29

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс хойш 35 км Халхын голын баруун эргийн тохойд Монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолбор оршдог. Энэ цогцолборыг Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэжээ.

Их бурхныг бүтээхийн тулд Буйр нуурын болор элс, Халхын голын хайрга, Хамар давааны цагаан тосон шаврыг барьцалдуулан чулуу үйлдвэрлэж, байгалийн зос будаг ашиглан олон өнгийн чулууг бүтээж хийсэн гэдэг. Тоосго үйлдвэрлэж байсан газрын туурь нь Халхгол сумын Баруун, Зүүн Халгайтын ойролцоох Хүүрт гэдэг газарт, вааран эдлэлийн үйлдвэр нь Цагаан уулын баруун урд байжээ.

Жанрайсиг бурхныг бүтээх болсон шалтгаан нь XIX зууны дунд үед Сэцэн хан аймгийг бүхэлд нь нөмөрсөн байгалийн гамшиг, ган зуд жил дараалан болсноос мал сүрэг олноор хорогдож, ард олны амьдрал ихээхэн хэцүүджээ. Тогтохтөр ван аймгийн чуулганы ноёдтой зөвлөлдсөн боловч зохистой шийдвэрт хүрч чадаагүй тул хутагт лам нараас лавлахад шашны номлол ёсоор Жанрайсиг бурхны дүрийг олон тоогоор бүтээх, эсвэл том хэмжээгээр бүтээвэл нүүрлээд буй аюулаас аврагдах болно хэмээн айлдсан гэдэг. Нөгөө талаар То ван сэргэлэн ухаантай, гярхай хүн учраас Монголын сүсэгтэн олноос асар их эд хөрөнгө Төвөд, Хятад, Энэтхэг рүү урсаж байгааг болиулж нутагтаа үлдэх боломжтойг тунгаасан гэдэг. Жанрайсиг бурхны гол бэлгэдэл нь “аюул ослоос хамгаалдаг” хэмээх тул Монголын зүүн хязгаар нутгаа Манж-Хятадад алдах аюулаас сэргийлэн эх орныхоо бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах утгыг ч давхар агуулан бүтээлгэсэн хэмээн судлаачид үздэг.

Сэцэн хан аймгийн чуулганы ноёд Жанрайсиг бурхныг хаана, хэзээ, ямар хэмжээгээр бүтээх талаар удаан зөвлөлдсөний эцэст То вангийн хошууныхан хар бор ажилд гаршсан, сүм дуган барих дадлага туршлагатай, харьцангуй олон урчуудтайг нь харгалзан Илдэн вангийн хошууны нутагт бүтээхээр болж, аймаг олноороо оролцохоор тогтсон байна. Ингээд чуулганы шийдвэрээр 12 тохой өндөр босоо зэс бурхан бүтээх байсныг То ван ихээхэн хөрөнгө үр ашиггүй үрэх ажил болно гэж үзээд тэгш налуу газарт чулуугаар товойлгон хийх хувилбарыг сонгож, хоёр га талбайг хамруулан олон бурхад болон суваргын чуулбар болгон бүтээхийг зорьжээ.  

Их бурхныг бүтээх ажилд нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй хөрөнгө мөнгө хандивлаж, 1859 оны хаврын тэргүүн сард газарт суурилуулах талбайг засаж тэгшлэх ажилд 40 хүн оролцож, нэгээс гурван метр гүнтэйгээр ухаж бэлджээ. Ашигласан нэг чулууны урт нь 45-50 см, өргөн нь 32-35 см, зузаан нь 20-25 см юм. Бүтээн байгуулах ажилд 180 гаруй уран гартнууд байнга ажиллаж, тэдний ажлын хөлсийг нэг цэн цалин мөнгөөр бодож өдөрт нь тавьж өгдөг байжээ. Зөөсөн чулуу нь 1000 үхэр тэрэгний дайд хүрсэн гэдэг.

Их ажил шувтрах шатандаа орж байтал 1861 оны зуны тэргүүн сард хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас газрын хөрс эвдэрч, бурхны их бие гэмтжээ. Цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учир байгуулж байсан газраас нь одоогийн Халхголын баруун эргийн тохойн 35 хэмийн налуу энгэрт шилжүүлэн бүтээсэн ба 1864 онд их ёслол хийж аравнайлсан байна.

1970-аад онд барилгын суурь тавих, оршуулгын ажилд хөшөө хийх зорилгоор нутгийн зарим иргэн “Их бурхан”-ыг зүй бусаар хөндөж сүйтгэн зүүн хөлгүй болгосон баримт бий. Уг цогцолборыг Дорнод аймгийн болон Халхгол сумын ард иргэд, ШУА-ийн Түүх, философийн хүрээлэн, То ван судлалын нийгэмлэгээс санаачлан 1994-1998 онд сэргээн засварлаж, Г.Диваасамбуу тэргүүтэй лам нар Дашням равнай уншлагыг 36 цагийн турш уншиж үйлджээ. Ингэснээр эл гайхамшигт бүтээл хойч үеийнхэндээ бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болсон юм.

Жанрайсиг бурхны дүр нь гадна талаараа хоёр давхар тэгш өнцөгт хэлбэрийн чулуун хүрээтэй. Их хүрээ нь 220х97 м, бага хүрээ нь 113х63м, хоёр хүрээний хооронд 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж урласан. Нэг ланз үсгийн хэмжээ 165 смх110см байдаг бол их бурхан ба дотор хүрээ хоёрын хооронд 200х110 см хэмжээтэй 12 чулуун суваргыг мөн хэвтээ байдлаар шигтгэн дүрсэлжээ. Гадна талын хүрээнээс дотогш ороход 5 м голчтой хоёр чулуун хоролыг товойлгон шигтгэсэн. Цогцолборын төвд 30х26 м налуу талбайд “Найман аюулаас аврагч Жанрайсиг бурхан” байх ба өндөр нь 28.74 м болсон нь 80 тохой илүү юм.

Жанрайсиг бурхан найман мутартай, мутар бүрдээ найман аюулыг илэрхийлсэн дүрстэй. Баруун талын эхний мутар арслан, хоёр дахь мутар заан, гурав дахь мутар лусын аюулыг илэрхийлсэн могой, дөрөв дэх мутар догшин хүний дүрстэй байдаг. Харин зүүн гар талын эхний мутар гал, хоёрдугаар мутар ус, гурав дахь мутар архины аюулыг илэрхийлсэн гох дэгээ, дөрөв дэх мутар гарьдын дүрстэй байдаг. Жанрайсиг бурхан баруун хөлөө завилан, зүүн хөлөө хагас нугалж, найман мутраа дэлгэн хадаг орхимжоор биеэ ороосон дүртэй юм. Бурхны хөлийн доод хэсгийн чулуун хүрээнд бад цэцэг товойлгон цохисон байх бөгөөд түүнтэй залгаа 44х26 м мөргөлийн талбайтай.

Бурхны хоёр талын ханыг дагуулан 66 см өргөн чулуун шат тавьсан нь мөргөлчид бурхан дээр гишгэлгүй нар зөв тойрох боломжтой болгожээ. Жанрайсиг бурхныг тойруулан 20 гаруй Дарь эх бурхны дүрийг бүтээсэн байна.

Хамгийн сонирхолтой нь Жанрайсиг бурхныг тойрон хүрээлэх бурхдын дүрийг бүтээхдээ чулууг хайлуулж хийсэн мэт боловч үүний нарийн учрыг одоо ч тайлж чадаагүй байна. Урчууд бул хар чулууг ашиглан цалин цагаан мөнгөөр урлал хийж буй мэт уран нарийн сийлбэрлэж бүтээсэн нь гайхамшигтай

Холбоотой мэдээ