Сургуулийн дотуур байранд суух малчдын хүүхдүүдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-17 14:36:49

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг малчны хүүхдүүдийн тоо сүүлийн гурван жил өсжээ.

Тухайлбал, 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 1360 хүүхэд амьдарч байгаагийн 84.9 хувийг нь малчдын хүүхэд эзэлж байна.

Ялангуяа малчдын зургаан настай хүүхдүүд дотуур байрны дэргэдэх гэр өргөөнд амьдарч суралцах тоо жил бүр өсөж байна. Учир нь гэр өргөөг 2018 оноос эхлэн сургууль бүр өөрсдийн дотоод нөөц боломж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тохижуулж нээгээд буй юм. Энэ жил гэхэд гэр өргөөгөө засварлаж өргөтгөсөн хөдөөгийн долоон сургууль байна. Дотуур байранд сууж буй малчдын хүүхдүүдийн 580 нь эмэгтэй байна. 2017 онд дотуур байранд малчдын 1000 хүрэхгүй хүүхдүүд амьдардаг байсан бол энэ тоо 400 орчмоор нэмэгджээ.  

Гэр өргөө байгуулснаар мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа залуу малчдын эрхийг хамгаалах, өрхийн төсвийг хэмнэх, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан сайн жишээ болоод буй. Мөн хүүхдийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж, хамт олонч хүмүүжил, харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм. Эцэг эхчүүд ч гэр өргөөнд хүүхдүүдээ өгөх дуртай байдаг. Харин сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтад малчдын 960 гаруй хүүхэд хамрагдаж, оршин суугаа газрынхаа харьяа цэцэрлэгт хүмүүжиж байна. Цар тахалтай холбоотойгоор сүүлийн гурван жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо аймгийн хэмжээнд буурчээ. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 38, хувийн өмчийн гурван цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролд 3997 хүүхэд суралцаж байгаа. Үүнээс цэцэрлэгийн үндсэн бүлэгт 3749 хүүхэд, хувилбарт сургалтад 248 хүүхэд суралцаж байна гэж аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ