Дорнодын театр "Гэгээн муза"-д шинэ бүтээлээ сойж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-16 15:39:55

Дорнод /МОНЦАМЭ/. "Гэгээн муза-16" олон улсын театрын их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад Дорнод аймгийн Хөгжимт драмын театр  "Нүдтэй наран тамга"  шинэ дуулалт жүжгээрээ оролцлоо. Дорнод аймгийн "Алтангадас" одонт ХДТ-ын дарга Б.Наранхүү: "Жүжгийг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн нь Монголын театрын урлагт нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал" гэв.

Жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, найруулагчаар МУСТА Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор МУСТА Г.Ариунбаатар нар ажилласан бол гол дүр буюу Буян хаанд МУСТА Г.Ганзориг, хааны бага хүү Цэгцэд залуу жүжигчин Э.Батболд, Цэгцийн дурлалт бүсгүй Хунгоод залуу жүжигчин Г.Энхболор, номч түшмэдийн дүрд Р.Адъяабаатар, төрийн их зайрангийн дүрд залуу жүжигчин Э.Батмөнх, зайрангийн түшээд залуу жүжигчин Т.Халиунсор нар тогложээ. Жүжгийн найруулагч энэхүү уран бүтээлээрээ дамжуулан хөх тэнгэрийн тамгатай Монголчууд бид сэрэх цаг хэдүйн ирснийг түүхэн он цагийн хэлхээсээр хөвөрдөн сануулахыг зорьжээ. Түүхэн сэдэвт, энэхүү бэсрэг жүжигт ХДТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон, 10 гаруй хоногийн турш тайзнаа тоглож, Дорнодчуудынхаа хүртээл болгоод байна. Ирэх зун нийслэлд тоглохоор төлөвлөж байгаа аж.

 

Холбоотой мэдээ