Коронавирустэй тэмцэхэд зарцуулсан санхүүжилтэд аудит хийж, УИХ-д танилцуулахыг чиглэл болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-15 18:14:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. КОВИД-19 тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдав. 


Хуралдаанаар дээрх хуулийн 7, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, УОК-оос 2021 онд авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл сонсов. Монгол Улсад 2022 оны гуравдугаар сарын 14-ний байдлаар халдварын улмаас нийт 2105 иргэн нас барснаас 1677 нь архаг суурь өвчтэй байжээ. Архаг суурь өвчний дотор зүрх судасны өвчин хамгийн өндөр буюу 1264 байсныг Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв. Энэ сарын 11-ний байдлаар нийт хүн амын 69.8 хувь вакцины нэгдүгээр тунд, 66.8 хувь хоёрдугаар тунд, 31.6 хувь гуравдугаар тунд хамрагджээ. Шадар сайд мөн цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэх, эдийн засгийг идэвхжүүлэх талаар хийсэн ажил болон санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.  


Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр, омикроны халдварын тохиолдлын тоо ДЭМБ-ын мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт дэлхийн дийлэнх бүс нутагт 5-8 хувиар буурсан бол номхон далайн баруун бүсэд 46 хувь өссөн. Энэхүү өсөлт БНСУ, БНХАУ (Хонконг-Шэнжян) зэрэг улсуудад бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байна. Цаашдаа Хятадын өмнөд хэсгээс хойд хэсэг рүүгээ тархах эрсдэлтэй хэмээн мэдээллээ. Мөн ДЭМБ аюултай анхаарал татах хувилбар буюу халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөр хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал гэж мэдээлсэн талаар болон улс орнууд ирэх өвөл томоохон давалгаа үүсэх магадлалтай гэж тооцон эрсдэлт бүлгийн иргэдээ нэмэлт вакцинд хамруулахаар төлөвлөж буйг онцлов.


Манай улсын хувьд өнгөрсөн хоногийн байдлаар коронавирусний халдвар авсан иргэн орон нутагт 17,  нийслэлд 80 бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн сайд мөн мэдээлэлдээ томуу төст вирус эргэлт буюу орчилд байгаа бөгөөд гурван аймагт дэгдэлт, зургаан аймаг идэвхжлийн түвшинд, нийслэлд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Менингококкын нөхцөл байдлын тухайд он гарсаар нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд менингококкоор өвдсөн. 0-5 насны хүүхдүүд эрсдэлтэй ба шүлсээр, амьсгалын замаар халдварладаг. 1-5 дугаар саруудад дэгдэлт гардаг гэв. 


Хуралдааны төгсгөлд Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр коронавирусний шинэ хувилбарын тандалт хийх лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвар авсан хүмүүсийг зохих эмчилгээ, сувилгаанд хамруулах чиглэлээр дэлхийн чиг хандлагыг судалж, тодорхой бодлого хэрэгжүүлэх, шинэ хувилбар гарч болзошгүй учир эрсдэлд үргэлж бэлэн байж, хүн, хүчний нөөцөө бүрдүүлэхийг чиглэл болгов. Мөн коронавирустэй тэмцэх ажилд зарцуулсан санхүүжилтэд аудит хийж, дүнг УИХ-д танилцуулахыг чиглэл болгов.

Холбоотой мэдээ