Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг үе шаттай хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-15 17:40:13

Дорнод /МОНЦАМЭ/. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Тухайлбал, аймгийн эрүүл мэндийн 19 байгууллагад 2021 оны жилийн эцсийн байдлаар түргэн тусламжийн болон албан хэрэгцээний зориулалтаар нийт 42 автомашин байгаагаас 26 нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж байгаа юм.  

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын автомашины 42.3 хувь таваас дээш жил ашиглаж байгаа аж. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтын жил, гүйлтийн нормын дагуу үе шаттай шинэчилсээр байна.

Сүүлийн таван жилд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 134.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар анхан шатны эрүүл мэндийн дөрвөн байгууллага, Эрүүл мэндийн газарт нийт зургаан автомашин шинээр худалдан авчээ.

Энэ онд үргэлжлүүлэн орон нутгийн төсвийн 126 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал, Сэргэлэн, Хэрлэн сумын Асралт-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн таваас дээш жил ашиглаж байгаа түргэн тусламжийн автомашиныг шинэчлэхээр төлөвлөөд байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл хийснээр иргэдэд үзүүлэх яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

Холбоотой мэдээ