“Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” аяныг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-14 15:02:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арав дахь жилдээ зохион байгуулж буй “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” аяныг өнөөдөр эхлүүллээ.


Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкуудын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Зээлийн батлан даатлын сан, Арилжааны банкууд, Рио Тинто ХХК, Юнител групп, Lemon Press компани,  Мобифинанс ББСБ хамтран дэлхийн мөнгөний долоо хоног аяныг зохион байгуулж байна. 


Хүүхэд, залуусын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүл, нийгэмд мэдлэгээ хуваалцах үүрэг оролцоог нь нэмэх зорилгоор сургалт, сурталчилгаа хийх аян 14 хоног үргэлжлэх юм. Аяны хүрээнд хувь хүний санхүүгийн төлөвлөлт, ирээдүй рүү чиглэсэн хуримтлал ба хөрөнгө оруулалт хийх, мөнгөө зөв удирдсанаар ирээдүйн сайн сайхныг бүтээн бий болгож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэх зэрэг агуулгын хүрээнд сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн аяныг нээж хэлэхдээ, -Монгол Улсын бүтээж байгаа баялаг, татвар, хураамж зэрэг нь бүгд төгрөгөөр илэрхийлэгддэг. Мөнгөн тэмдэгт бусад валюттай өрсөлдөхийн тулд хүчтэй байх ёстой. Орчин үед мөнгөн тэмдэгт олон хэлбэртэй болж байна. БИд санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэхэд тухайн газрынхан гэрээгээ тулгадаг. Иргэд өөрсдийн хүсэл, зорилго, эрх ашгаа гэрээнд оруулж чаддаггүй нь иргэдийн санхүүгийн ойлголт муу байгааг харуулж байгаа”-г онцлов.




Энэ үеэр лектор Г.Мөнгөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мөнгөнд хандах хандлагын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Хүмүүс тодорхой хэмжээнд хуримтлалтай байж үзээгүй төлөв анзаарагдсан нь мөнгөө яаж менежмент хийх ойлголт муу байгаатай холбоотой. Иймд эхлээд мөнгөө хуримтлуулж, хадгалах чадварыг сурах ёстой”-г хэлж байлаа.


Холбоотой мэдээ