Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах санал гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-11 07:49:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийн 8 хороог хамруулж, сайжруулсан түлш хэрэглэх санал гаргалаа.


Учир нь Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ. Мөн дүүргийн ЗДТГ, иргэдээс 2019 оноос хойш агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргажээ. Иймд Налайх дүүргийн 7226 өрхийг энэ бүсэд хамруулж, сайжруулсан шахмал түлшээр хангахыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Дээрх өрхүүд жилд 21.678 тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарсан байна.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй  “Налайх дүүргийн төвд 5000 орчим айл өрх бий. Тэдгээр өрхийн түлшний хэрэглээ 10-15 мянган тн гэсэн тооцоо бий. Шахмал түлшний үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал 3-4 хоног ажиллаад энэ түлшийг хангах боломжтой. Зөвхөн Налайх гэлтгүй Багануур, Багахангай дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулах хэрэгтэй. Ирэх жилийн агаарын бохирдлыг багасгахад одооноос ач холбогдол өгөх шаардлагатай” хэмээв.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд, БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдод даалгажээ.

Холбоотой мэдээ