Нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх 340 байршлыг гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн 9 дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг тогтоон, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байрыг нь судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргав.
Нийслэлд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл
шаардахгүй болсон. Үүнтэй холбоотой нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа
хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлын даалгавар боловсруулах үүргийг
Нийслэлийн Засаг дарга өгсөн.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн
үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “74 зөвшөөрлийг цуцалснаар 2 сарын хугацаанд 700 орчим
зөвшөөрөл авч байсан бол 1200
гаруй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломж 60 хувиар
нэмэгдсэн. Энэ хугацаанд 46.2 мянган иргэн “Онлайн бизнес төв”-ийн системд
хандсан” гэжээ.