Чих болон хамар залгиурын нарийвчилсан бүрэн үзлэг шинжилгээг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-04 12:17:30

Архангай /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвийн чих хамар хоолойн кабинетаас дэлхийн сонсголоо хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд чих болон хамар залгиурын нарийвчилсан бүрэн үзлэг шинжилгээг энэ сарын 3-ны өдөр хийжээ.

Эл өдөр иргэд үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажилчид гээд нийт 62 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна. Ямар нэг эмчилгээ шаардлагатай согог гараагүй ч сонсголын эмгэгт өртөж болох эрсдэлт хүчин зүйл, сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх, сонсголоо хэрхэн хамгаалах талаар зөвөлгөө өгч гарын авлага тараажээ.

Энэ оны 2-р сарын байдлаар Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн кабинетын хяналтад 386 иргэн байна. Задалбал групп тогтоолгосон 329, группт ороогүй хяналтад 57 хүн байгаа аж. Чих хамар хойлойн эмч Д.Ариутунгалаг "Сүүлийн жилүүдэд хойд сумд болох Өндөр-Улаан, Жаргалант, Хайрхан, Тариат сумаас илүү их нэмэгдэх хандлагатай байна. Ямар шалтгаантайг судалж байна" гэлээ. 

2021 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3597 хүн байгаагаас 1382 нь эмэгтэй, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 1673 хүн байна. Үүнээс 330 буюу 9,2 хувь нь сонсголын бэрхшээлтэй. Тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийг насаар нь ангилбал 0-4 настай 3, 5-9 настай 5, 10-14 настай 11, 15 настай нэг, 16 настай нэг, 17 настай нэг, 18 настай 4 байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадал болон чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах, дүлийрэх бэрхшээлтэй тулгарч байгааг дурджээ. Олон улсад нийт хүн амын 5 хувь буюу сонсгол муу, дүлий 468 сая хүн байгаагаас 34 сая хүүхэд байгаа аж. Түүнчлэн 15-35 насны залуучуудын 50 орчим хувь нь сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэйг онцолсон байна. Үүнд чихэвч, гар утас, баар, цэнгээний газар, спортын үйл ажиллагааны дуу шуугиан нөлөөлдөг байна. Сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой юм.

Холбоотой мэдээ