Экспорт, импортын энэ оны 1 дүгээр сарын бүтэц

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-03-03 15:57:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2022 оны 1 дүгээр сард нийт 117 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум америк долларт хүрсэн. Түүнээс экспорт 539.6 сая америк доллар, импорт 556.5 сая америк доллар байна. Нийт бараа эргэлт 2021 оны 1 дүгээр сараас 2.5  сая америк доллароор, экспорт 100.2  сая америк доллароор тус тус буурсан байх юм. Харин импорт 97.7 сая америк доллароор өсжээ. Улсын экспорт 2021 оны 12 дугаар сараас 122.3  сая америк доллароор өссөн байна гэж ҮСХ мэдээлжээ.


Тухайлбал, БНХАУ-тай 2022 оны 1 дүгээр сард 520.4 сая америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 47.5 хувь нь байна. Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 36.6 хувийг чулуун нүүрс, 48.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг алт эзэлжээ.


Импортын 2022 оны 1 дүгээр сарын дүнг авч үзвэл, ОХУ 33.9 хувь, БНХАУ 27.9 хувь, Япон Улс 9.3 хувь, БНСУ 4.7 хувь, АНУ 3. Хувь , ХБНГУ 2.6 хувийг тус тус эзэлж, нийт импортын 81.3 хувийг бүрдүүлж байна.

 

ОХУ-аас импортоор оруулсан барааны 58.0 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 75.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.4 хувийг цахилгаан эрчим хүч, 2.9 хувийг ачааны тэрэг, 89.7 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Импорт өмнөх оны мөн үеэс 97.7 сая америк доллароор өсөхөд дизелийн түлшний импорт 15.0 сая америк доллароор, авто бензин 15.1 сая америк доллароор, суудлын автомашины импорт 12.2 сая америк доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98.4 хувийг эзэлж байна.  Тэгвэл импортын 65.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн байх жишээтэй.

Ойлголт, тодорхойлолт:

Гадаад худалдааны барааны нийт эргэлт: Экспорт, импортын нийлбэрээр тодорхойлно.

Гадаад худалдааны тэнцэл: Нийт экспортоос импортыг хассан зөрүүгээр тэнцлийг тодорхойлно. Тэнцэл (-) тэмдэгтэй бол алдагдалтай, (+) тэмдэгтэй бол ашигтай гэж үзнэ.

Импорт: Улсын материаллаг нөөцийг нэмэгдүүлэн, хилийн чанадаас эдийн засгийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг тооцно. Нийт импортод гадаадын барааны шууд импорт, дотоодын барааны реимпорт багтана.

Экспорт: Улсын материаллаг нөөцийг хорогдуулан, эдийн засгийн нутаг дэвсгэрээс хилийн чанадад гаргаж байгаа барааг тооцно. Нийт экспортод дотоодын барааны шууд экспорт, гадаадын барааны реэкспорт багтана.

Холбоотой мэдээ