“Хөх сувд-2022” мөсний баярт 10 гаруй мянган иргэн оролцлоо

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-05 09:46:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулдаг  “Хөх сувд-2022” мөсний баяр 20 дахь жилдээ далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр өргөн дэлгэр боллоо. Мөсний баярт дотоодын 10 гаруй мянган иргэг, 3000 орчим тээврийн хэрэгсэлтэй  ирсэн байна.


Мөсний баярт БОАЖ-ын Дэд сайд Г. Түвдэндорж, БОАЖЯ-ны газрын дарга А.Энхбат болон Хөвсгөл аймгийн удирдлагууд оролцлоо. БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж баярын нээлт  дээр хэлсэн үгэндээ  “Хөх сувд” мөсний баяр нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулдаг өвлийн эвент юм.  Удахгүй орон нутагтаа төдийгүй Монгол Улсынхаа эдийн засагт нөлөөлдөг, дэлхийд танигдсан олон улсын хэмжээний том эвент болж өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж байлаа.


Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар “Хөвсгөл нуур нь Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг гэж ойлгож болно. Иймээс бид энэ жил  мөсний баярыг  Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор тэмдэглэлээ. Цаашид улам өргөжүүлэн ажиллахаар олон зүйлийг төлөвлөж байна” гэдгийг хэлж байлаа.



Энэ үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, аав ээж би, мөсний волейбол, бөөгийн галын тахилга, тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг  олон тэмцээн наадам болж ирсэн зочид хоёр өдрийн турш цэвэр агаарт тоглож наадан өнгөрүүллээ.

 


Холбоотой мэдээ