Хөрш бүс нутгийн хууль хяналтынхантай цахимаар хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-02 19:56:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газрын санаачилгаар ОХУ-ын Тува улсын Засгийн газар болон Тува улс дахь хууль хяналтын байгууллагуудын хоорондын цахим хурал энэ сарын 1-ний өдөр боллоо.

Тус хуралдааны зорилго нь хил дамнан үйлдэгдэж буй гэмт хэргийг олж илрүүлэх, шалгах ажиллагаанд талуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ялангуяа хил дамнасан малын хулгайг таслан зогсоох, гадаад худалдааг хөнгөвчлөх асуудалд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Хуралд ОХУ-ын талаас Тува улсын Засгийн газрын холбогдох албаны төлөөллүүд, ОХУ-ын Красноярскийн гаалийн орлогч дарга Петрунин Виталий Анатольевич, Холбооны Цагаачлалын албаны төлөөлөл, Орос-Монголын хилийн Кызылийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч хурандаа Баюсов Сергей Викторович, хилийн бүс нутгийн хошуудын дарга нар оролцлоо. Харин Монгол талаас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Интерполын Үндэсний түр товчооны албаны төлөөллүүд, аймгийн ЗДТГ-ын дарга, Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Гаалийн газар, хилийн сумдын Засаг дарга нар оролцлоо. Цахим хурлаар хэлэлцсэн асуудлын дагуу илтгэлүүд хэлэлцүүлэн Протоколд тусган холбогдох байгууллагууд цаашдын үйл ажиллагаандаа тусган хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Холбоотой мэдээ