“Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрөөр эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог хөнджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-03-02 13:35:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улстөрийн түвшинд шийдэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд олон сорилттой тулгардаг. Ялангуяа ХМХ, нийгмийн сүлжээнд тэднийг хочлох, дайрч доромжлох, хэвшмэл ойлголтыг дэвэргэх. Энэ тохиолдолд эрэгтэйчүүдтэй харьцуулахад тэд илүү хүнд байдалд байдаг талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус гишүүн, судлаач шинжээч Д.Мөнхчимэг хэлж байна. Түүний хэлснийг эрхзүйн хувьд тодотговол, Монголын Хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчимд, “Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар нийгэмд оршиж буй хэвшмэл ойлголтыг улам дэвэргэхээс зайлсхийнэ” хэмээн заажээ. Энэ талаар өнөөдөр болсон хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхий редактор, эрхлэгч нартай хийсэн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ээлжит уулзалт дээр хөндөв.

Уулзалтад судлаач С.Түмэндэлгэр “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгааны дүнг танилцуулж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаар тусгасан “Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг хааж буйг мэдэгдлээ. Мөн МУИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Од  илтгэл тавив.



“Мэдрэмжтэй мэдээлье” тэтгэлгийг 15 сэтгүүлчийн бүтээлд олгов.





Хөтөлбөрийг Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Анлимитед медиа групп” компани үндэсний хэмжээнд хамтран зохион байгуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОИКА байгууллага дэмжин ажиллажээ. Энд 25 сэтгүүлчийг мэргэшүүлэх сургалтанд хамруулж, 15 сэтгүүлчийн бүтээлд тэтгэлэг олгожээ. Хөтөлбөрийн хүрээнд сэтгүүлчид шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар бичихдээ:

  • Жендэрийн талаарх хэвшмэл ойлголт,
  • Улс төрч эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээл,
  • Хямралын үе дэх эмэгтэй улстөрчдийн манлайлал,
  • Улстөрийн намын санхүүжилт ба эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн сэдвүүдийг онцолжээ.




Уулзалтад судлаач С.Түмэндэлгэрийн танилцуулсан судалгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлохыг зорьжээ. Тодруулбал, нийгэм-улстөрийн үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хэний оролцоо давуу байх нь зүйтэй вэ гэсэн асуулгад судалгаанд оролцогч нар эрэгтэйчүүд 30 хувь, эмэгтэйчүүд 14.4 хувь хэмээн хариулжээ. Үүнийг орон нутаг, иргэний нийгмийн байгууллага, холбоо, улстөрийн намын гишүүнчлэлийн хурал, зөвлөгөөнд оролцох байдлаар авч үзсэн байна. Харин улстөрийн шууд оролцооны хувьд эрэгтэйчүүд 42.4 хувиар давамгайлж буйг илэрхийлсэн дүн гарчээ. 



Холбоотой мэдээ